Оюутнууд АСЕМ-д ажиллах боломжтой гэв

2016 оны 2 сарын 29

Ирэх долоо дугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр оюутнуудыг ажиллуулах боломж бий хэмээн Монголын оюутны холбооноос /МОХ/ мэдээлж байна. МОХ-ны төлөөлөгчид АСЕМ-ын бэлтгэл ажлын албанд багтаж байгаа гэдэг утгаараа оюутнуудыг хөтөч, орчуулагч, урлаг, соёлын арга хэмжээ, хот тохижилтын чиглэлээр ажиллуулах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

Оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 72 хувь нь хичээлийн хажуугаар ажил хийх бүрэн боломжтой, хүсэлтэй гэж хариулжээ. Тиймээс эхний ээлжид АСЕМ-ын уулзалтын үеэр оюутнуудыг ажиллуулах боломжийг хангана хэмээн мэдээлж байна.

Энэ хүрээнд ирэх баасан гаригт АСЕМ-ын үеэр ажил хийх хүсэлтэй оюутнуудыг Оюутны талбайд 14.00 цагаас цугларахыг уриалж байна. Гэхдээ энэ нь зөвхөн нэг өдөрлөг бус оюутнуудад тулгарсан асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө хийж буй тайван жагсаал гэж тайлбарлалаа. Ялангуяа оюутны 70 мянган төгрөгийг хэзээ, хэрхэн олгох талаар тодорхой тайлбар, хариу хүссэн тайван жагсаал гэв.

Оюутны 70 мянган төгрөгийг есдүгээр сараас хойш олгоогүй хэмээн оюутнууд хэлж байна. Тэгвэл оюутны 70 мянгыг ямар асуудлаас болоод өнөөг хүртэл өгөхгүй байгаа талаар бид Сангийн яамнаас тодруулсан юм. Санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдээгүйгээс олгоогүй. Ирэх сараас санхүүжилт шийдвэрлэгдэх магадлалтай гэхээс өөр тайлбарыг хэлсэнгүй. Сангийн сайдаас энэ талаар мэдээлэх чиглэл өгөөгүй учраас тодорхой мэдээлэх боломжгүй гэх тайлбарыг хэлсэн юм.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна