Д.Сарангэрэл ХУД-н нэгдсэн эмнэлэг болон зарим эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцлаа

2016 оны 2 сарын 29

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл өнөөдөр /2016.02.29/ Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон зарим эмийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл эхлээд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж дээрх хуулийн төслийн талаар танилцуулаад, мэргэжилтнүүдийн саналыг сонссон юм.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Д.Бааст эмнэлгийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөөд, нэгдсэн эмнэлэгт үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангууд гадагшаа үйлчилгээ үзүүлэх эсэх, эмийн сангуудын байршил болон эм олголтын асуудлыг анхаарч, эмийн сангуудад тавигдах стандартыг тодорхой болгох хэрэгтэй гэдэг саналыг хэлж байлаа. Мөн тэрээр эмийг хүүхдийн тунгаар үйлдвэрлэж эмнэлгүүдэд нийлүүлж байх, 2,3 дугаар шатлалын эмнэлгүүдэд клиник эм зүйч ажиллуулах орон тоо бий болгох хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа хэлж, эм хангамжийн тендерийг төвлөрсөн байдлаар явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл хэлэхдээ, эмийн судалгааны тандалт хийхэд бүртгэлгүй эм 19 хувь, чанар, стандартын шаардлага хангаагүй эм 14 хувийг эзэлж байгаа тоо гарсан. Улсын Их Хурлаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай болон, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслүүд хамт хэлэлцэгдэж байгаа. Дээрх асуудал болон бусад тулгамдсан асуудлыг дээрх хуулиудаар шийдвэрлэх юм. Иймд эдгээр хуулийн төслүүдэд мэргэжлийн байгууллагын хүмүүсийн саналыг авахаар өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эмийн сангуудад ажиллаж байна гэлээ. Мөн тэрээр эмийн зар сурталчилгааны талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонссон юм. Түүнчлэн эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, эмийн хүртээмж, чанарын талаар мэдээлэл авч, хууль эрх зүйн орчинд дутагдалтай байгаа асуудлын талаар харилцах санал солилцсон юм.

Мөн Хан-Уул дүүргийн 9-р хороонд байрлах 2-р зэрэглэлийн “Цагаан гоёо” эмийн сан болон тус дүүргийн 15-р хороонд байрлах 1-р зэрэглэлийн “Тавин-Ус” эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, саналыг нь сонслоо.

“Цагаан гоёо” эмийн сангийн хувьд захын хороололд байрладаг учраас дэд бүтцийн тал дээр шийдвэрлэх асуудлууд олон байгааг эмийн сангийн эрхлэгч н.Баттуяа хэлж байлаа. Тухайлбал, тус эмийн сангийн хувьд цахилгаан залгуулах, цэвэр бохирын шугамд холбогдох зэрэг хүндрэл үүссэн байна. “Тавин-Ус” ХХК-ийн захирал н.Энхтуяа сүүлийн жилүүдэд эмийн талаарх хууль эрх зүйн орчин сайжирснаар бүртгэлтэй болсон, эмийн сонголт нэмэгдсэн, дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн зэрэг үйл ажиллагаа явуулах олон боломжийг бүрдүүлж өгсөн гээд, харин зарим шаардлагатай эмүүдийг НӨАТ-аас чөлөөлүүлэх саналтай байгаагаа хэлсэн юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл хуулийн төсөлд эдгээр саналуудыг тусгуулж  ажиллахаа мэдэгдсэн юм.

Энэ үеэр Эрүүл мэнд, спортын яам, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд байлцсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна