Намын барилдлагатай өдөрт

2016 оны 3 сарын 1

“Эх орончдын өдөр” гэхээсээ илүү намчдын өдөр гэж энэ өдрийг тэмдэглэх нь зүйд нийцэх мэт. Үүнийг би ч биш албан ёсны баримт бичигт цагаан дээр хараар бичжээ. Сү.Батболдын Засгийн газраас 2011 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр гаргасан “Ой тэмдэглэх тухай” 12 дугаар тогтоолд “2011 оны гуравдугаар сарын 1-ний “Эх орончдын өдөр” Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэсүгэй” гэжээ.  Энэ талаарх албан бичгийн бүрэн эхийг http://www.legalinfo.mn/law/details/3596 линкээс ороод харчихаж болно. Энэ өдрөөс хойш тав дахь удаагаа “Эх орончдын өдөр” гэх сүржин нэртэй даржин өдрийг МАН болоод МАХН тэмдэглэж байна. Коммунист угшилтай, өөр хоорондын ашиг сонирхол, бүлэглэлийн зөрчлөөс болоод хоёр тасарсан МАН, МАХН увж, цуван энэ өдрөөр Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, хойморьт нь залрах их хааны хөшөөг ад үзэх нь холгүй явдаг нь бас л тогтсон жишиг. Чингис хаан эх оронч байсан л байлтай.

Харин энэ удаад “ахмадуудынхаа хүсэлтээр” гэх шалтгаар хоёр нам хамтран тэмдэглэхээр болжээ.  

Харамсалтай нь энэ өдрөөр эх орончдыг хэлмэгдүүлж, тэднийг ангийн дайсан мэтээр анхны Үндсэн хуульдаа тусгасан түүхийн гашуун сургамжийг сануулж, баларч бүдгэрсэн эх орончдын гавъяаг, үнэн түүхийг таниулж, алдарт нэрийг нь нөхөн сэргээхийн оронд МАН /бас МАХН/ улаан сарнайгаа энгэртээ зүүж цэцэг өргөхөөс цааш хэтэрдэггүй.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хэлсэн үгээс харвал энэ удаад ч бас гавихгүй бололтой юм. Ер нь Монголд улс төрийн нам үүсгэн байгуулагдаж, Бүгд найрамдах ардчилсан Үндсэн хуульт улс орон болох үндэс суурийг тавьсан энэхүү баяр монгол иргэн бүрийн баяр байх ёстой. Тэр утгаараа энэхүү баярыг хоёр нам хамтран тэмдэглэж байна. Хоёр намын эвсч сонгуульд оролцох эсэх асуудал олон нийтэд сонирхолтой байгаа нь үнэн. Энэ талаар улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны баярын дараа нухацтай авч хэлэлцэнэ” гэж тэрбээр хэлжээ.

Сайхан бүхнийг өмчилж, эх орон, газар шороо, тусгаар тогтнолтой үг болгоныг өөрсөдтэйгөө холбох гэсэн өрөвдөлтэй сэтгэхүйгээсээ өнөөдөр ч намчид салахгүй нь бололтой.

“Тусгаар тогтнол” гэдэг үгийг өөрсөдтэйгөө салшгүй холбоотой мэтээр харагдуулах гэж намынхаа байрыг хүртэл нэрлэж, талбай, гудамжны нэрийг ч түүнтэйгээ холбоотойгоор байлгахыг эрмэлздэг нь инээд хүрэм. Үнэндээ улс үндэсний бахархал болсон үгийг өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгаа хамгаалахын тулд ашигласаар байгаад өнөөдөр “эх оронч”, “тусгаар тогтнол”, “үндэсний үзэл” гэх мэт үгсийн утга алдагдахад хүргэж буй нь нууц биш. Өмчилж болохгүй үг, гажуудуулж болохгүй утга гэж байдгийг улстөрчид даанч мэддэггүй бололтой юм.

Ер нь яагаад хүний эрхийг дээдэлж, Үндсэн хуульдаа тусгасан энэ улсад хүн биш нам байгуулагдсан баярыг тэмдэглэх ёстой гэж.

Тийм л эх орончдын эргэн алдаршуулж, түүхэнд мөнхөлмөөр байгаа бол ордон биш оюуны бүтээлд, цэцэг тасдаж бус ирээдүйнхээ боловсролд илүү анхаарсан ном, зохиол, түүхэн туурвилд энэ өдрийг зориулсан бол алга таших байлаа. Ингээд хэлэхээр дахиад тархи угааж, хуучны гуйвуулсан түүхэн зохиолоо өөрсдөө бичээд бүр ч дэмий юм болгодог нь хойно сэдэл өгөөд ч яах билээ.

Үнэхээр л “эх оронч” нам бол дээрх хоёр намынхан адаглаад эх орондоо хэрэгтэй ганц ч болтугай шийдвэр гаргаж тэрийг хэрэгжүүлсэн бол гэх бодол төрнө. Гэхдээ дахин сануулахад энэ өдөр эх орончдын бус Монголд анх нам байгуулагдсан өдөр гэж албан бичиг анх тогтоосныг хэлэхэд таатай байна. Тэгээд ч 1921 оны болоод өнөөгийн нам, түүний удирдагч болоод жирийн гишүүдийн үзэл баримтлал, үнэт зүйлст тэнгэр газар шиг ялгаа бий гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.

 Л.ХАЛИУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна