Эгийн голын УЦС монголчуудад амин чухал

2016 оны 3 сарын 1

 

Эгийн голын усан цахилгаан станцын ажлын явцын талаар төслийн нэгжийн захирал Д.Одхүүтэй ярилцлаа.

-Эгийн голын усан цахилгаан станцын дэд бүтцийн ажил ямар шатандаа явж байна вэ?

-Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг хийхээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэрээ хийсэн. БНХАУ-ын компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр болсон. Өөрөөр хэлбэл, тухайн компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгээд манай талаас тодорхой хугацаанд эргүүлэн төлөх юм.

Ингээд бааз барих ажил эхэлсэн. Сэлэнгэ мөрний дээгүүр хамгийн урт гүүр барина. Энэ ажлыг эхлээд одоогоор гурван баганыг өрөмдөж цутгалтаа хийсэн. Гэхдээ цаг уурын нөхцөлөөс үүдээд гуравдугаар сарын дунд хүртэл ажлаа түр зогсоосон. Цутгалтын ажлыг хүйтэнд хийвэл чанарын асуудал яригдана. Шөнөдөө -30 хэмээс даваад ирэхээр бэхжилт муудаж, чанаргүйдэх аюултай. Тиймээс зогсоосон байна. Энэ сарын сүүлээр бүх ажлаа эргэн сэргээхээр төлөвлөсөн. Замын ажил, мөн хоёр дэд станцын ажлыг эхлүүлнэ. Эдгээр ажлыг 2016 оны сүүлч гэхэд дуусгахаар гэрээлсэн. Ажил хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна.  

Ингээд барьсан замаар эхний техник хэрэгслүүд усан цахилгаан станц барих далангийн талбай руу гарна гэсэн үг. Одоогоор тодорхой зам гараагүй учраас онгоцоор явж, шүхрээр нисэхгүй л бол станцын талбай руу гарах ямар ч боломжгүй. Урд талаар нь Сэлгэ мөрөн, хойд талаар Эгийн гол урсаж байгаа. Энэ хоёрын завсарт станцын талбай бий.

-Эгийн голын усан цахилгаан станцын хувьд 1992 онд мөн ТЭЗҮ боловсруулж байсан. Энэ удаад ТЭЗҮ-ийг дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог компанитай хамтран боловсруулсан гэж дуулсан. Тэгэхээр өмнөхөөс ямар онцлог, ялгаатай болсон бэ?

-ТЭЗҮ-г хийхэд зөвхөн чанараас гадна олон талын давуу тал бий болсон. 1991 онд Азийн хөгжлийн банк Эгийн голын төслийн урьдчилсан шатны ТЭЗҮ гаргах зөвшөөрөл өгөөд 3.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 1.4 сая ам.долларын буцалтгүй тусламж, нийлээд 5.2 сая ам.доллараарр 1992-1995 онд Швейцарийн болон Итали, Монголын компаниудтай хамтран судалгаа хийсэн байдаг. Энэ ТЭЗҮ нь тухайн үедээ л ач холбогдолтой байсан. Тухайн үеийн эрчим хүчний хэрэглээ 300-400 мегаватт л байсан. Тиймээс усан цахилгаан станц тохируулганд хангалттай байсан. Гэтэл өнөөдөр эрчим хүчний хэрэглээ өвлийн ачааллын үеэр 1000 мегаваттад хүрч байна. Тиймээс ядаж 300 мегаваттын станц шаардлагатай болсон. Ингээд зөвлөх компанийн зүгээс ч 300 мегаваттын станц барих боломжтой гэж гаргасан. Улмаар бүх тооцоо хийж, усан сан, далангийн хэмжээ бүгд ихэссэн. Үүнийг дагаад газар хөдлөлийн нарийвчилсан судалгаа хийсэн. Ингээд усан сан, далангийн хэмжээ бүгд өөрчлөгдсөн учраас цоо шинээр ТЭЗҮ хийх шаардлагатай болсон. 20 жилийн өмнө ТЭЗҮ-г 5.2 сая ам.доллараар хийж байсныг бид энэ удаад 1.8 сая евро буюу гурван сая орчим ам.доллараар хийсэн. Мөн дөрвөн жилийн ажлыг бид найман сарын дотор дуусгасан. Эгийн голын төсөлд Засгийн газар Монголын төслийн нэгж байгуулсны давуу тал нь энэ гэж би харж байна.

Цахилгаан станц болон усны инженерингийн дэлхийн топ 10-ын гуравт жагсдаг Францын компанитай бид хамтарч байна. Ийм нэр хүндтэй зөвлөх компанитай хамтарч хийсэн ТЭЗҮ-дээ бид итгэлтэй байгаа. 

-Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг олон жил ярилаа. Төслийн явц удаан байна гэж ярих хэсэг ч бас байна?

-Зээлийн түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлт гэрээний сонгон шалгаруулалтын баримт бичиг хийгдэж байна. Энэ баримт бичиг, сонгон шалгаруулалт, түлхүүр хүлээлгэж өгөх гэрээ, Хятадын компанитай хийх тусгай хэлэлцээрийн гэрээ гээд багаар бодоход 9-10 сар бичиг цаасны ажил хийнэ. Ямар нэг байдлаар удаад байгаа зүйл байхгүй. Дамжлагынхаа дагуу л үргэлжилж байгаа. Үндсэндээ энэ хугацаанд дэд бүтцийн ажлаа амжуулж байгаа юм. Дэд бүтцийн ажил дууслаа, санхүүжилт шийдвэрлэгдээд бүтээн байгуулалт үргэлжлээд явна гэсэн үг. Цаг хугацаа алдвал мөнгө урсана. Ялангуяа манай төслийн хувьд цаг хугацаа бол тусгайлан мөнгө гэдэг ойлголт байна. Яагаад гэхээр Монгол Улс жил бүр зөвхөн импортод 27-28 сая ам.доллар. Үүнээс гадна жил бүр тохируулгын станцгүйгээс Монгол Улс төвийн эрчим хүчний системээс, мөн эдийн засгаас шууд болон шууд бус алдагдлыг тооцвол 60, 70 сая ам.долларыг жил бүр алдаж байна. Жил өнгөрөх тусам 60, 70 сая ам.долларыг алдах учраас цаг хугацаа алдах эрхгүй.

-Усан цахилгаан станцын далангийн бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх вэ?

-Энэ оны төгсгөл, ирэх оны эхээр эхлэх болов уу. Саатаад байсан зүйлгүй. Төлөвлөгдөж байгаа нь тэр. Гагцхүү элдэв янзын гадны улсын дарамт шахалт гайгүй бол УИХ-аар баталсан ерөнхий зээлийн хэлэлцээрийг гүйцэтгэх гэрээ болгох учиртай. Дараа нь тусгай хэлэлцээр болох юм. Ингээд цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллатал 5-6 жил байгаа болов уу.

-БНХАУ-аас авч буй зээл нь хэд хэдэн давуу талтай гэж байсан?

-Хэд хэдэн давуу тал бий. Нэгдүгээрт, Монгол Улсад ийм хэмжээний зээл олгох банк санхүүгийн байгууллага байхгүй. Жилийн хоёр хувийн хүүтэй зээл олгох газар одоо байхгүй шүү. Монгол Улсын бондуудын хүүнээс ч бага. Хоёр хувийн хүүтэй ийм хямд зээл хаана ч олдохгүй. Эгийн голын станц бол ямар ч асуудалгүй өөрийнхөө зээлийг төлөх чадвартай. 1.4 центийн өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ гээд бод доо. Өнөөдөр дулааны станцын эрчим хүчний үнэ 5.3 цент байгаа. Тэгэхээр тав дахин хямд эрчим хүчийг чөлөөтэй борлуулж, зээлээ нөхнө. Хоёрдугаарт, ямар ч мөнгөөр үнэлэгдэшгүй Хөвсгөл нуурын гүн цэнгэг усны нөөц. Монголын хүн ам таван сая гэж бодоход ойрын 50-60 жил ундны усаар гачигдуулахгүй. Ихээр бодоход 100 жилийн нөөц бий болж байна.

-Эгийн голын станц барих газрын ойролцоо байрлах Хантай багийнхантай төслийн нэгжийнхэн байнга уулздаг юм билээ. Хантай багийг нүүлгэх ажлын бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Хантай багт 60-аад өрхийн 300-аад хүн амьдардаг. Бид 2014 оны тав, зургадугаар сард онгоцоор нислэг хийж, агаарын зураглал гаргасан. Усан сангийн бүх талбайд 50 см зураглал хийж сан үүсгэсэн. Үндсэндээ түлээний тайрдсыг хүртэл деталиар харуулна. Тэнд хэдэн айл, өрх, мал, ой байгаа вэ бүгдийг баталгаажуулсан. Хэдэн өрхийн, хэдэн хүнд ямар нөхөн олговор олгох вэ гэдэг нь тодорхой.

Хантай багийн хувьд Дамирангийн энгэр гэх газарт шинэ байршил руу нүүнэ. Одоо байгаагаас нь дөрвөн км-ын зайд, нуурын эрэгт байрлана. Тэр газарт хот үүсгэхээр инженерингийн судалгаа хийлгээд, барилга архитектурын зургийг нь гаргаж баталгаажуулсан. Хуучин зохион байгуулалт нь зүгээр нэг тосгон байсан бол энэ удаад шинэ сумын төв барьж өгнө.

Мөн өнгөрсөн хугацаанд зулзаган мод бүхий зургаан га газрыг нүүлгэн шилжүүлсэн. Нэг хэсгийг Булган аймгийн төв рүү шилжүүлж парк байгуулах, үлдсэн хэсгийг Хутаг-Өндөр суманд парк байгуулахаар ажилласан.

Мөн 2007 онд Эгийн голын төслийг татсан нэг шалтгаан нь археологийн дурсгал, түүх соёл байсан. Тиймээс энэ удаад анхнаасаа археологи, түүх дурсгалын асуудалд болгоомжтой хандсан. Археологийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн маш том баг хоёр жилийн хугацаанд ажилласан. Ингээд Эгийн голын хөндий дэх 260 гаруй дурсгалыг авран хамгаалсан. Одоо бол станцаа барихад Монгол Улсын холбогдолтой нэг ч түүх соёлын дурсгал усанд автахгүй.

-Эгийн голын усан цахилгаан станц нь монголчуудын зайлшгүй барих ёстой бүтээн байгуулалт хэмээн ярьж байна. Гэтэл манай хойд хөрш ОХУ-ын зүгээс эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Ялангуяа энэ эсэргүүцэлтэй үед санхүүжилтийг урд хөршөөс шийдвэрлэхээр болсон?

-Албан ёсоор эсэргүүцсэн бичиг явуулаагүй хэдий ч аман байдал, үйл хөдлөлөөр эсэргүүцлээ илэрхийлж байна. Жишээ нь, Байгаль нуур, байгаль орчны байдал, хилийн усны хэлэлцээр гэх мэтчилэн олон асуудал ярьж байна. Мөн Байгаль нуурын сав газар, Монгол Улсын хилийн урсацын 70 хувьд  ямар нэг цахилгаан станц, далангийн ажлыг зөвшөөрөхгүй. Эс бөгөөс биднээс зөвшөөрөл авч хийх тухай тулгаж байгаа. Энэ бол нууц биш. Жишээ нь, Туул голд усан сан барих бол оросуудаас асуу гэсэн зүйл ярьж байна. Учир нь, Туул гол Сэлбэд, цаашлаад Байгаль нуурд цутгадаг. Оросууд энэ асуудлаар монголчуудад хаалт тавихын тулд бүх л аргаа хэрэглэж байна.  Байгаль нуурт цутгадаг голуудаа Байгаль нуурын сав газар гээд нэрлэчихсэн. Ингээд Байгаль нуурыг дэлхийн өвд бүртгэсэн гэдэг утгаараа өөрсдөөсөө зөвшөөрөл авна гэж тайлбарладаг. Тэгээд зөвшөөрөл өгөх үү гэвэл үгүй л гэдэг талдаа зогсч байна.

Ер нь өдий болтол усан цахилгаан станц бариагүй шалтгаан нь үүнтэй тодорхой хэмжээнд холбоотой. Гэхдээ энэ цахилгаан станц бол Монгол Улсын хувь заяатай холбоотой гэдгийг бүгд ойлгож байгаа. Цэвэр усны нөөцтэй болох, эрчим хүчний хараат байдлаас гарах, аялал жуулчлал, хоёр аймгийн хөгжил, эдийн засаг гээд шууд хамааралтай. Үүнтэй маргах зүйлгүй. Монголчууд үүнийг хийх шаардлагатай гэдгээ мэдэж байгаа. Хийх гэж оролдож байна. Харин оросууд үүнийг дэмжихгүй байна.

-Байгаль нуурт сөргөөр нөлөөлнө гэж тайлбарлаж байгаа. Мэдээж ТЭЗҮ-д энэ талыг судалсан байлгүй?

-Бид гидро техникийн тооцоолол хийхэд Байгаль нууран дахь нөлөөлөл 0.0023 хувь буюу үл мэдэг гэх дүгнэлт гарсан. Үл мэдэг гэдэг нь одоо байгаа хуурай жилүүдээс илүүгүй нөлөөлөлтэй гэсэн үг. Гэхдээ усан санг дүүргэх 2-3 жилийн хугацаанд л ийм нөлөөлөл байна. Үүнээс хойш огт нөлөөлөхгүй.

Оросын талаас хятадуудад нөлөөлөх гэсэн оролдлого бий. Ил харагдахгүй ч бид тэрнийг мэдэж байгаа. Энэ бол үндсэндээ хоёр том гүрний дундах жижиг улсын зовлон. Гэхдээ бид энэ асуудлаар ОХУ, БНХАУ-тай ойлголцох байх гэж найдаж байна. Яагаад гэхээр амин чухал, юугаар ч сольшгүй зүйл гэж байдаг. Эгийн голын станцын төсөл бол монголчуудын хувьд юугаар ч сольшгүй. Энэ бол Оюутолгой, Тавантолгой биш. Монгол Улсад иймэрхүү газар зөндөө бий. Харин Монгол Улсад Эгийн гол дээр баригдах усан цахилгаан станц өөр байхгүй.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна