Москвад гарсан аймшгийн хэрэг

2016 оны 3 сарын 1

 

Кадр: видео «MOSCOW ДТП TV» / YouTube

 

Хоёрдугаар сарын 29-ний өглөө Москвагийн метроны “Октябрьское Поле” буудлын дэргэд дундад Ази гаралтай цагаач эмэгтэйг баривчлан түүнд дөрвөн настай охины амийг бүрэлгэсэн хэргийг тулгалаа. Лалын хувцастай уг эмэгтэй метроны буудлын дэргэд хүүхдийн тасарсан толгойг барин, олонд үзүүлж өөрийгөө дэлбэлнэ гэж орилж байжээ.

 

38 настай Гюльчехра нөхрийн хамт жилийн өмнө Узбекээс Москвад ирж улмаар ОХУ-ын пасспоаттой болсон байна. Тэрбээр Москвад ирээд толгойг нь тасадсан охины асрагчаар ажилд оржээ. Гэсэн Москвад ирсэний дараа гэр бүлд нь зөрчил үүсч, нөхөр нь эхнэрээ араар нь тавих болжээ. Ийм зөрчил үүстэл Гюльчехра сайн ажиллаж байжээ. Харин гэр бүлд үүссэн зөрчлийн улмаас сүүлийн үед сэтгэл санааны ихээхэн хямралтай байсан бөгөөд эцэст нь ийм аймшгийн хэргийг хийжээ.

 

Даваа гаригийн өглөөний 9.30 минутад Москвагийн онцгой албаны утас дуугарч “Народная Ополчения” гудамжинд гал гарсан мэдээлэл ирсэн байв. Гал сөнөөгчид тэнд хүрэлцэн очоод галыг унтраасны дараа тэндээс толгойг нь тасадсан дөрвөн настай охины цогцсыг олжээ. Галыг унтраах үеэр хажуу байрны дөрвөн хүнийг аварсан байна.

 

Дараа нь тогтоогдсноор, тэр алуурчин эмэгтэй дөрвөн настай хүүхдийн толгойг үүргэвчинд хийгээд метроны зүг явжээ. Түүнийг цагдаагийн ажилтан шалгах үед тэрбээр хүүхдийн толгойг гарган харуулж өөрийгөө дэлбэлнэ гэж заналхийлжээ. Гэрчүүдийн яриагаар тэр “Аллах Акбар!” гэж хашгиран хүүхдийн толгойг үзүүлэн савчилж, нөгөө гартаа хутга барьсан байжээ.

 

Цагдаа нар түүнийг бүслэн хүрээлж, сэм дөхөн очоод газар унаган барьж авсан байна. Мэргэн буудагчид түүнээс тэсрэх бодис илрүүлээгүй учир эмэгтэйг цагдаагийн газар авчран шүүх эмнэлгийн шинжилгээ хийжээ.

 

 

Дөрвөн настай хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн тэр эмэгтэй мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлэг өгөн хэргийг хэрхэн үйлдсэнээ ярьсан байна. Мөн хэргийн газар ирж хэрхэн хэрэг үйлдсэнээ харуулжээ. Түүний өгсөн мэдүүлгээр охины ээж нь том ахтай нь гарч явахыг хүлээж байгаад унтаж байгаа охиныг боомилон хөнөөгөөд дараа нь толгойг нь тасадсан аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна