Хятадад Зикагийн халдвартай зургаа дахь хүн илэрчээ

2016 оны 3 сарын 1

Хятадад Зика вирусын халдвартай хүний тоо зургаа болсныг эрүүл мэндийн комиссоос мэдээлжээ. Хятадын зүүн хэсгийн Зежян мужийн оршин суугч 42 настай эмэгтэйд Зика вирусын халдвар илэрсэн байна. Тэрбээр Өмнөд Африкийн Суринам улсад ажиллаж байхдаа шумуулд хатгуулснаас Зика вирусын халдвар авсан аж. Хятадад эргэж ирсний дараа түүний биеэр тууралт гарснаар эмнэлэгт хандсан байна.

 

Хятадад Зика вирусын халдвар өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд анх илэрсэн юм. Үүнээс хойш халдвартай хүмүүсийн тоо  нэмэгдсээр байна. Гэхдээ эдгээр нь бүгд Зика вирусын халдвар тархсан оронд аялаад ирсэн хүмүүс аж. Зика вирусын өвчлөл Латин Америк, Карибын 20 гаруй оронд тархаж, 1.5 сая хүн халдвар авчээ.

 

Түүнчлэн Колумб улсад 4000 орчим жирэмсэн эмэгтэй Зика вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. Зика вирус нь жирэмсэн эмэгтэйд халдсанаар ургийн тархины хөгжлийг зогсоож жижиг тархитай, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг юм. Гэхдээ Мексикт өнгөрсөн сард халдвартай эхээс эрүүл хүүхэд төрсөн тохиолдол бүртгэгджээ. Энэ тохиолдолд эх жирэмсний сүүлийн сардаа халдвар авсан байсан аж.

 

Үүний зэрэгцээ Зика вирус шумуулын хатгалтаар дамждаг боловч бэлгийн замаар халдсан тохиолдол АНУ-д 14, Францад нэг илэрсэн юм.

 

Эх сурвалж: The Financial Express, Xinhua

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна