Нэрт физикч Баатарын Чадраа таалал төгслөө

2016 оны 3 сарын 1

 

Нэрт физикч Баатарын Чадраа таалал төгслөө
(1939-2016)

Монгол улсын шинжлэх ухаан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, бид бүгдийн хамтран зүтгэгч, хайрт багш Баатарын Чадраа нь 2016 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Баатарын Чадраа нь 1939 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Ороох хэмээх газар малчин ард Баатарын 8 дахь хүүхэд болж төрсөн. Мөрөн багийн бага сургууль, Цэцэрлэг хотын нэгдүгээр 10 жилийн 7-дугаар анги, Улаанбаатар хотын лаборатори нэгдүгээр дунд сургуулийн 10 дугаар анги, мөн Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн физикийн ангийг төгссөн анхны Монгол эрдэмтдийн нэг билээ.

1963 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажилласан. Физик, математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Физик техникийн (хожим технологийн) хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийн ерөнхий захирал, Электрон техник-эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн үйлдвэр (хожим Монел)-ийн захирал, Улаанбаатар Их сургуулийн анхны захирал зэрэг ажил хийж байсан.

Баатарын Чадраа нь эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлж боловсон хүчин бэлтгэх, судалгааныхаа ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор 10 гаруй хүрээлэн, сургууль жижиг үйлдвэрүүд байгуулсаны дотор барууны орнуудтай байгуулсан Монголын анхны хамтарсан үйлдвэр Англи-Монголын “МОНМАР”, анхны тооцоолон бодох машин М-22, электрон техникийн “МОНЕЛ”-үйлдвэр, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл-СЭХ, эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх Улаанбаатарын их сургууль, Архангай дахь “Ирвэс” лицей сургууль, Москва дахь Их сургуулиудын Монгол дахь салбарууд (Плехановын, эрчим хүчний, сургууль), АНУ-ын Колорадогийн Их сургуулийн салбар зэрэг болно.

ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр 3 удаа, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр 3 удаа нийт 21 жил сонгогдон ажилласан. Засгийн газрын Цөмийн энергийн комиссын орлогч дарга, эрдмийн цол зэрэг олгох дээд комиссын орлогч дарга, МАХН-ын Төв Хорооны Сансрын хамтарсан нислэгийг бэлтгэх улсын комиссын орлогч даргаар томилогдон давхар ажиллаж байв. 1964 оноос Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Москва дахь Сансрын физикийн хүрээлэнд байнга болон давхар ажилласан. Баатарын Чадраа нь Монгол Улсын Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ЦШНИ-д томилогдон ажиллаж, Монголд цөмийн судалгаа хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Европ, Азийн болон АНУ, Япон зэрэг олон орны эрдэм шинжилгээний байгууллагуудад түр хугацаагаар ажиллаж зочилж байв. 1975 онд Монгол улсын ШУА-ийн гишүүнээр сонгогдсон. Боловсролын доктор, ШУ-ны доктор, профессор цол зэрэг хамгаалсан.

Баатарын Чадраа нь Ардын Их Хурлын гишүүн, УИХ-ын гишүүнээр сонгогдож, МХЗЭ-ийн ТХ-ны Товчооны гишүүнээр 10 гаруй жил ажилласан бөгөөд МҮЭ-ийн дээд шагнал, БСШУЯ, БОХЯ –аас холбогдох тэргүүний ажилтан цол тэмдгүүд хүртэж байжээ.

Баатарын Чадраагийн туурвисан ажиллуудын үр дүн олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж, нийт гадаад дотоодын хэвлэлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүд нь 400 гаруй болжээ.

Баатарын Чадраагийн физикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр их бөгөөд түүний дотроос шинэ гаж резонансын тухай таамаглал, харьцангуй бага энергийн үед скейлингийн зүй тогтол байж болох дохиог ажигласан зэргийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм.

Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг Монголын төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны одон, медалиуд , “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн”, “Төрийн соёрхолт” цолоор шагнасан. Монголын төр олон нийт “ХХ зууны манлай эрдэмтэн”, АНУ-д “Дэлхийн нөлөө бүхий 500 тэргүүнйи хүмүүс”-д шалгаруулж тус тус өргөмжилж байлаа. Мөн түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг Дэлхийн олон оронд өндрөөр үнэлж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн болон хүндэт доктор цол, Киргизстаны ШУА-ийн жинхэнэ гишүүн, Гуравдагч ертөнцийн ШУА, Европын ШУА, Олон улсын дээд боловсролын ШУА, Дэлхийн Инновацийн сангийн жинхэнэ гишүүнээрээ сонгожээ. ОХУ-аас “Улс түмний найрамдлын одон”, “Найрамдлын одон”, “Гавъяаг зөвшөөрсөн одон”, “Вернадскийн медаль”, “Черскийн медаль”, Европийн ШУА-иас боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт гарамгай амжилт гаргасан хүнд олгодог “Дээд ковалёрын одон” зэргээр шагнаж байв.

Академич Баатарын Чадраагийн гэгээн дүр бидний сэтгэл, зүрхэнд үүрд үлдэх болно.

ФИЗИК, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна