Эмийн зохисгүй хэрэглээ өндөр байна

2016 оны 3 сарын 1

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар улсын хэмжээнд эмийн зохистой хэрэглээнд нэгдсэн шалгалт хийсний дараа  аян зохион байгуулахаар болсноо өчигдөр зарлалаа.

Аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхт аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, иргэдийг эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, эмийг жороор олголтыг сайжруулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах аж. Мөн Эрүүл мэнд спортын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эм холбоо ТББ, иргэд аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтран сэдэвчилсэн нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дотоодын үйлдвэрийн антибиотик эмийг 100 хувь, импортын эмийг түүврийн аргаар сонгон авч лабораторийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

Улс хэмжээнд хийсэн шалгалтад нийт 32 эмийн үйлдвэрийн 83,3, эм ханган нийлүүлэх 252 байгууллагын 90,4, 1688 эмийн сангийн 25-30 хувийг тус тус хяналт шалгалтад хамруулахад дараах зөрчил илэрчээ. Тухайлбал, 27 эмийн үйлдвэрийн зах зээлд нийлүүлсэн давхардсан тоогоор 1176 нэрийн эм биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,4 хувь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, 52,2 хувь нь шаардлага хангасан эмийн лабораторигүй, 91 хувь нь үйлдвэрлэсэн эмийн гаж нөлөө, чанар аюулгүй байдлын судалгаа хийлгээгүй байсан аж.

Шалгалтын мөрөөр тодорхой шаардлага тавьж, даалгавар өгснөөр эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүний 76 хувь нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж, 65 хувь нь эм шинжлэх бүрэн хэмжээний лабораторитой, 70 хувь нь үйлдвэрлэсэн эмийнхээ чанар, аюулгүй байдлын судалгааг хийлгэдэг болсон байна.

Харин улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн шалгалтын явцад  3584 нэр төрлийн импортын эмийн хэрэглэх зааварт дүн шинжилгээ хийхэд 27 хувь нь эмийн хадгалалтын горим зөрчсөн, 57,5 тээвэрлэлтийн хяналт хийгдээгүй, дөрвөн аймагт хүчинтэй хугацаа дууссан чанарын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байсан зэрэг дутагдлууд илэрчээ.

Түүнчлэн нийслэл,13 аймагт эмийн сан нийт 31 хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан чанарын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байсан, жороор олгодог эмийг жоргүйгээр олгосон, андуурч өөр үйлчилгээтэй эм өгсөн зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна. Өнгөрсөн онд хийсэн урьдчилан сэргийлэх хяналтаар  Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 129, хүчинтэй хугацаа дууссан 192, хаяг шошгоны зөрчилтэй 134, нийт 468 нэрийн эм, бэлдмэлийг илрүүлжээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна