Б.Болор сайдаас бусад нь амгүй

2016 оны 3 сарын 1

Сангийн яаманд сайдаас нь өөр амтай хүн үгүй бололтой. Мэдээ, мэдээлэл авахыг хүссэн сэтгүүлч бүрт “Сайдын зөвшөөрлөөр мэдээлэл өгдөг болохоор сайдаас асууж байж хариу хэлнэ” гэсэн үгээр ам хаадаг болоод  удаж байна. Сангийн сайд Б.Болор саяхан “Сайдын цаг”-т орж мэдээлэл хийсэн хэдий ч хариу нэхсэн асуулт болгонд хариулт өгч чадаагүй юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хийгээд илрүүлсэн 34 тэрбум төгрөгийг тойруулж ярьснаас хэтэрсэнгүй. Гэтэл цаана нь Монгол Улсын гадаад өр зээл, төсвийн өнөөгийн байдал,  зудад нэрвэгдсэн малчдад хаягласан тусламжийн мөнгө хэзээ эзэндээ хүрэх, оюутны 70 мянгыг өгөх эсэх гэхчилэн олон арван асуулт хариултгүй хэвээр байгаа юм.

Сайд нь л ганцаараа ажлаа мэддэг юм бол яам гэгч нүсэр аппаратад ажиллагсад юү хийдэг болж таарах вэ. Хариуцсан ажлынхаа талаар тайлагнах, мэдээлэх эрхгүй юм бол Сангийн яаманд хэвлэлийн алба, хэвлэл хариуцсан төлөөлөгч ажиллуулж цалинжуулах хэрэг байна уу. Улс орны эдийн засаг хүнд байх тусмаа үнэн зөвөөр мэдээлж, бүсээ чангалахдаа хүрвэл бүгдээрээ шийдэж амжилтад хүрэх байтал олсон жаахан амжилтаараа хар бараан болгоныг далдалж амжихгүй билээ. Ярих тоолонд завгүй, эсвэл гадаад томилолттой байдаг Б.Болор сайдаас газар, хэлтсийн дарга нараа хэлд оруулж, хийсэн ажлыг нь тайлагнадаг эрх олгооч гэж хүсэх байна.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна