М.Энхсайханы АН-д өгөх хариу

2016 оны 3 сарын 1

“Эх орончдын өдөр”-ийг МАН, МАХН анх удаа хамтран тэмдэглэж байна. Ийнхүү дөрвөн жил бие, биенээ нэг нүдээрээ ч харахгүй шахам, муу, муухайгаа дуудалцаж явсан удам, угшил нэгтэй улаанууд ирэх зургадугаар сарын 29-нд болох УИХ сонгуулийн өмнө нэгдэх, үгүйдээ л эвсэх, бүр байг гэхнээ уучлах, ойлголцох тал руугаа явж байна. 

Н.Энхбаяраас бусад нь энэ удаагийн сонгуульд МАН,МАХН эвсч, нэгдэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа билээ. Үүнийгээ ч МАН-ын удирдлагууд нуухгүй, ”Их мөрөн шалбаагтай нийлэхгүй” хэмээн томорч явсан тэд Н.Энхбаярыг тойглох, МАХН-ыг тордохдоо ичихээ байжээ.

Үнэндээ ч улс төрийн өнцөгөөс нь харвал үзэл бодол адилхан, өнгөний ялгарал үгүйн хувьд энэ удаагийн сонгуульд МАН, МАХН нэгдлээ гэхэд буруутгах зүйл үгүй. Ядахдаа саналаа хуваахгүй, гишүүд дэмжигчдээ ч талцуулахгүй, өөрсдийнх хувьд бол ашигтай хувилбар. Иймээс л  МАН улайраад байгаа хэрэг. Гэхдээ МАН-ын хэвлэлээр илэрхийлэх болсон  нэгдэх, нийлэх тухай асуудалд нэг ч үг Н.Энхбаяр хэлээгүй байгааг М.Энхболд тооцсон байлгүй.

Гол өрсөлдөөн боловсролтой хэсгийн хүрээнд, тэр тусмаа М.Энхсайхантай хамтрах уу, Н.Энхбаяртай нэгдэх үү гэдгээс хоёр Энхболдын хэн нь дараагийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох нь нийслэлчүүдээс хамаарна гээд хэлэхэд буруудахгүй.

Н.Энхбаярын хувьд хэн нэгэнтэй нэгдэх нь нэгдэх л байх. Гол нь АН-тай юу, МАН-тай юу эсвэл ИЗНН-тэй юу. Н.Энхбаярын баруун гар гэгддэг З.Баянсэлэнгэ “ИЗНН-ыг бүлгийнхээ хуралд урьсан нь” түүний мэдэж хийх улс төр биш л дээ. Даргынхаа үгийг дамжуулсан төдий.

“Эх орончдын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэлээ гээд Н.Энхбаяр МАН-д “за” гэж хэлчихсэн үг биш юм. Энэ бол түүний улс төрийн нэг тактик, МАН-тай эвсэх ийм хандлага хаяснаар эрх баригчдаас ирэх  реакцийг сонжиж, тандаж байгаа л болов уу даа. Н.Энхбаярын эцсийн хариу гарах хаа ч байсан. Сонгууль болтол лай ч байна, зай ч байна. 

Ардчилсан нам ИЗНН-тэй нэгдэхээр аль, аль нь удирдлагуудынхаа хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудал ИЗНН-ын их хурлаар  эцэслэгдэнэ.  Бас л угшил нэгтэй намуудын хувьд ИЗНН Ардчилсан намтай нэгдлээ гэхэд буруутгах зүйл үгүй. Улс төрийн талаасаа ч зөв шийдвэр. ИЗНН-ийн хувьд С.Оюунаас өөрөөр тойрогт ялах магадлалтай хүн бараг байхгүй нөхцөлд АН-тай тохиролцох нь зөв. Тэгээд ч ИЗНН улс төрийн өрөг, засаглалын эрх мэдэл дээр ямар ч үүрэггүй нам шүү дээ. С.Зориг агсны нэр, нүүрээр энэ хүртэл явлаа даг. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон ээлжит бус чуулганыг нээхэд ИЗНН-ын гэх оролцоо юу байсан юм бэ. Эцэст нь “Шударга ёс” бүлгийнхэн орж ирээгүй л бол ээлжит бус чуулган хуралдаж чадахааргүй байсныг энд сануулахад гэмгүй биз.

Тиймээс Ардчилсан намд ИЗНН-ээс илүү МҮАН-ыг өөртөө нэгтгэх, үгүйдээ л М.Энхсайхантай хамтрах асуудал өнөөдрийн хувьд чухал болоод байна. Н.Энхбаяр М.Энхболдтой нэгдсэн тохиолдолд МАН, МАХН-ын эсрэг АН, МҮАН хамтарч байж л амжилтад хүрнэ. Нэг, нэгээрээ улс төр хийвэл ардчилагчдад илүү эрсдэлтэй байж болох талтай. Энэ өнцгөөс М.Энхсайхан ямар хариулт өгөх нь ИЗНН-ын С.Оюуны толгой дохихоос илүү З.Энхболдод чухал байгаа байлгүй.

М.Энхсайханы хувьд ИЗНН шиг АН-ын арга мэх, өвөр хормойд амархан гүйгээд орох улстөрч биш. АН-ынхан ИЗНН-тэй хамтрах бус нэгдэх, уусгах асуудлыг ярьж байгаа. Харин МҮАН бол нэгдэж, нийлэх бус  эвсч, хамтрах асуудлыг илүү өргөн хүрээтэйгээр хөндөх нь ойлгомжтой. АН-аас хөөгдлөө гэхэд очих гэртэй байх нь М.Энхсайханд чухал. Учир нь гуйж орчихоод хаяж гардаг, урьж оруулчихаад хөөж гаргадаг "Гэм биш зан, гэнэт биш хууч" АН-д бий. Гол нь М.Энхсайханы зүгээс  Ардчилсан нам өөрчлөгдөх, өөрийгөө цэвэрлэх хэрэгтэйг сануулж байгаа гэх. Өнгөрсөн дөрвөн жил АН-ын фракциуд өөрсдийгөө танихгүй болтлоо тамираа тасартал зодолдсон.  Үүнээсээ хамгийн их шарх сорвитой хоцорсон нь АН-ынхан өөрсдөө л шүү дээ. Харин тэдний зодооноос хамгийн их хохирол амссан нь Монголын эдийн засаг. Иймээс л Монголын төлөө бодлогоо зөв болгох, фракциудынхаа авир, араншинг дарахыг АН-аас шаардаж, шаардлагыг нь хүлээж авсан тохиолдолд энэ удаагийн сонгуульд эвсч болох юм гэж М.Энхсайхан бодож, тооцож, суугаа биз.

Өнгөрсөн оны хавар, 25 жилийнхээ ойн баярын индэр дээрээс фракцигүй нам болсноо зарласан З.Энхболдын үг хаданд хашгирсан цуурай шиг хоосон үлдсэн. Харамсалтай нь, АН фракцигүй нам болох нь бүү хэл фракциудынх нь тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа шүү дээ.  “Гарман дээрээ” гэгчээр төмөр зам, Тавантолгой, эрх мэдэл тойрсон эрх баригчдын хэрүүл сонгуулийн өмнөхөн л  түр намжаад буй болохоос сонгуулийн дараа юу болохыг чөтгөр ч таашгүй.

Хэрэв энэ удаагийн сонгуулиар АН,МАН-ын дарга нар аль, аль нь зөв тактик хэрэглэхгүй бол сонгуулийн дараа хоёр Энхболдын аль нэг нь албан тушаалаа, байр сууриа алдана. Тэр тусмаа рейтинг нь адил төвшинд байгаа АН,МАН-ын дарга нар хэнтэй хамтарч сонгуульд орох нь гол тактик нь болжээ. Юутай ч АН-ын хүсэлтийн хариуд М.Энхсайхан өөрийнхөө шаардлагыг тавьж. Гэхдээ энэ нь З.Энхболдод "тийм" гэж хэлсэн үг бас л биш юм.

Сүүлийн үед нийслэлд Ардын нам ялалт байгуулах нь гэсэн мэдээлэл хэвлэлээр нэлээд цацагдах болсон. Энэ бол МАН-ын сонгуулийн судалгаа тандалтын нэг хэсэг. Түүнээс үнэхээр ч МАН нийслэлд сайн нэртэй яваа юм биш л дээ. Гол нь Э.Бат-Үүлийг ялж, нийслэлд ялалт байгуулсан тохиолдолд МАН-д боломж гарч ирнэ. Гэвч нийслэлд Ардчилсан нам Ардын намаас илүү санал хураадаг. Энэ утгаараа АН,МАН хоёул нийслэлийг онилж суугаа нь гарцаагүй.

Н.Энхбаярын рейтинг нийслэлээс илүү хөдөө орон нутагт илүү. Харин М.Энхсайханы хийсэн бүтээснийг нийслэлчүүд илүү мэднэ. Тиймээс гол өрсөлдөөн боловсролтой хэсгийн хүрээнд өрнөх байх. Тэр тусмаа М.Энхсайхантай хамтрах уу, Н.Энхбаяртай нэгдэх үү гэдгээс хоёр Энхболдын хэн нь дараагийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох нь  хамаарна. Гэхдээ Энхболдуудад хандаж зөвлөхөд "Их санасан газар есөн шөнө хоосон хононо" гэдэг үг бий билээ.

                                                                                                                                                  Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна