Дүрвэгсэд Македоны хилийн хашлагыг эвдэлжээ

2016 оны 3 сарын 1

 

Грекийн хилд цугласан олон мянган дүрвэгч Македоны хилийн төмөр торон хашлагыг эвдэлжээ. Македоны цагдаа нар дүрвэгсдийн дайралтыг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Македоны хилээр нэвтрэхийг хүссэн 7000 орчим дүрвэгч төмөр хашлаганы цаана цугласан байгаа аж.

 

Македон хил дээр төмөр хашлага барьж дүрвэгсдийн урсгалыг хязгаарласнаас болж Грект хүндрэл үүсээд байгаа юм. Грекийн Засгийн газар Туркээс ирэх олон мянган дүрвэгчийг орон байр, эмнэлгийн тусламж, хоол хүнсээр хангах гэж зүдэрч байхад Европын бусад орон хилийн зурвас дээрээ хана босгосон нь Афины эгдүүцлийг төрүүлж байна. Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас энэ талаар Европын холбооны удирдлагуудад шаардлага хүргүүлж, өөрийн орныг дүрвэгсдийн “агуулах” болгохгүй хэмээн мэдэгдсэн юм. Үүний дараа Германы канцлер Ангела Меркель Европын холбооны бусад орныг Грект туслахыг шаарджээ. Грект энэ оны эхний хоёр сард ирсэн дүрвэгсдийн тоо өнгөрсөн 2014 оны нийт тооноос гурав дахин их байгаа аж.

 

Македоноос гадна Унгар, Австри, Словен, Болгар улсууд хилийн хана босгож, дүрвэгсдийн урсгалыг сааруулсан байна. Мөн Австри улс өдөрт ердөө 80 дүрвэгчийг хүлээн авах квот тогтоожээ. Харин Швед, Дани, Бельги улс хилийн хяналтыг эргэн сэргээсэн аж. Европын холбооны чуулга уулзалтаар Шенгений бүсийг зогсоож, хилийн хяналтыг эргэн сэргээх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

 

Европт өнгөрсөн онд нэг сая давсан дүрвэгч очсоноор нөхцөл байдал зохицуулахад хүндрэлтэй болжээ. Зөрчил мөргөлдөөн, ядуурлаас дайжсан дүрвэгсдийн Европыг зорих аялал эрсдэл өндөртэй боловч тасралтгүй үргэлжилж байна.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна