"Улаанбаатарын унаганууд" тэргүүлсэн хэвээр байна

2016 оны 3 сарын 1

"ПЭПСИ ЛИГ"-ийн долоодугаар тойргийн дараачаар Улаанбаатарын Унаганууд тэргүүлсэн хэвээр байна

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пэпси брэндтэй хамтран зохион байгуулж буй футзалын “ПЭПСИ ЛИГ” шилдэг 12 багийн өрсөлдөөн дунд өрнөж буй билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдээр лигийн 7-р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойрогт Эрдэнэт хотын “Хангарьд” клүб хоёр тоглолтыг хийж харин “Соёмбын Барсууд” баг амарлаа.

“Хангарьд” клүбийн “Улаанбаатарын Унаганууд” багт ялагдсан ганц хожигдлыг эс тооцвол мундаг тэд  яваа. “Хоромхон” болон “Сэлэнгэпресс” гэсэн хүнд өрсөлдөгч багуудаа ялаад байсан. Харин бямба гарагт тэд “Эрчим” клүбийн залуустай өрсөлдөж үндсэн цагт 12-3 харьцаатай илүүрхэн ялсан бөгөөд О.Мижиддорж багийн ирээдүй гэдгээ батлан харуулж таван гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан. Туршлага тоглолтын арга барил бүх талаараа илүүрхсэн нь сайн мэдээ байсан ч муу мэдээ нь гэвэл довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ бэртэл авж харин багийн түлхүүр тоглогч А.Эрдэнэбаяр лиг дэх гурав дахь шар картаа хүртсэнээр ням гарагийн тоглолтыг өнжихөөр болсон. Ингээд гарааны хоёр ч тоглогчгүйгээр тэд ням гарагт Континенталь багтай өрсөлдөж бөмбөгний зөрүүтэй ялагдаж байсан ч хоёрдугаар хагаст эргэлтийн цэгийг тавьж 12-10 харьцаатай маш хэрэгтэй хожлын гурван оноог салгасан. Мэдээж хэрэг “Континентал” тэднийг ялах мөн тэнцэх нь араас нь яваа бусад багуудад хэрэгтэй байсан ч тэд үүнийг хийж чадсангүй. Ислам гурван гоол оруулсан ч лигийн ээлжит ялагдлаа хүлээсэн. “Хангарьд” клүбийг ялалтанд хөтлөхөд О.Мижиддорж мөн л чухал үүргийг гүйцэтгэлээ. 8 гоолыг тэрээр оруулж мэргэн буучдын жагсаалтыг 19 гоолтой тэргүүлж байсан “Хоромхон” клүбийн довтлогч Н.Наранболдын өмнө 22 гоолтойгоор гарж чадсан. Тэд зургаан оноотой гэртээ харьлаа.

“Хангарьд” клүбийн хамтаар ердөө ганцхан ялагдалтай нэг тэнцсэн “Дэрэн” клүб энэ тойрогт “Баянгол ФС” багтай хүч үзсэн.  Тоглолтын үр дүнг таамаглахын аргагүй сонирхолтой тоглолт гарах нь дамжиггүй байлаа. Тоглолтын эхний хагасд “Дэрэн” дараалсан таван гоолоор бэлэг барьж өрсөлдөгч багтаа хүнд цохилтыг үзүүлсэн. Л.Мөнгөншагай хеттрик оруулж харин А.Тэмүүжин, Б.Гарьдмагнай нар тус бүр нэг гоолыг оруулсан юм. Багийн зохион байгуулалт сайтайгаас гадна гараа болон сэлгээний тамирчид жигд хурдтай тоглолтыг үзүүлж байлаа. Үзэгчид энэ үед тоглолт ойлгомжтой боллоо гэж ярьж байсан ч М.Төгөлдөр эхний үе дуусахтай зэрэгцэн гоол оруулж дахин нэг үе бүтэн байгааг сануулсан. Х.Есөн-Эрдэнэ дараагийн үед хоёр гоолыг оруулж Б.Ариунболд нэг гоолыг нэмэрлэснээр эсрэг багаа сандаргаж чадлаа. Бүтэн 7 минутын хугацаанд нэг гоол орох нь энгийн зүйл байсан ч харамсалтай нь хаалгач найдвартай байснаар “Дэрэн” энэ тойргоос хожлын гурван оноог авлаа. Тэдний ялалтын цуврал мөн зургаа болсон.  Харин “Баянгол ФС” болон “Континентал”, “Эрчим” зэрэг хүснэгтийн хойгуур бичигдэж буй багууд оноо авж чадалгүй энэ тойргийг дуусгалаа.

Яаг өөрсдийнх нь ард бичигдэж, хэзээ бүдрэхийг нь хүлээж буй “Дэрэн”, “Хангарьд” багууд ялсаны дараа “Улаанбаатарын Унаганууд” ээлжит нэгэн тоглолтоо хийлээ. Тэдний өрсөлдөгч нь “Улаанбаатарын Мазаалайнууд” байсан юм. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн эхний буюу гарааны дөрөвтөд тоглож буй Алтантулга, Ганзориг, Пүрэвдорж мөн Мөнгөнтулга үнэхээр найдвартай байж чадаж байгаа нь тэднийг долоо дараалан ялахад хангалттай байлаа. Хэсэг тамирчид багаа орхин явахад хүмүүс тэдний амжилтыг үгүйсгэж байсан ч үүнээс хойш тэд гурван ч тоглолтыг хийн бүгдэд нь илүүрхэн ялсан юм. Одоо тэд төгсгөлөө сайн хийхэд ямар нэгэн багийн амжилтаас хамаарахгүй аваргын цом харагдаж байгаа. Таван тоглолт хйих дутуу байгаа бөгөөд тэдний дунд “Дэрэн” гэсэн өрсөлдөгч ХАНА мэт зогсож чадах үгүйг бид тун удахгүй харах болно.

Б.Чин-Оргил дасгалжуулагчтай "Сэлэнгэпресс" клүбийг мартаж болохгүй. Тэд энэ тойргийг хааж ФС Улаанбаатар багтай өрсөлдсөн бөгөөд 9-5 харьцаатай хожиж 12 оноотой болсоноор "Арвис" клүбтэй тэнцсэн.  Харин тэдний өрсөлдөгч "ФС Улаанбаатар"  тэнцээний нэг оноотой лигийг үргэлжлүүлж байгаа бөгөөд Япон дасгалжуулагч Жүн Фукуда хүрэлцэн ирсэнээс хойш тун сайн тоглолтыг гаргаж байгаа. Харамсалтай нь бага зэргийн аз дутаж байгаа харагддаг. Хожлын оноо тэдэнд ойрхон олон тоглолтыг тэд үзүүлсэн. 



Пэпси лигийн наймдугаар тойрогт "Дэрэн" клүб "Хоромхон"-той учраа таарах бол "Баянгол ФС" лигийн тэргүүлэгч "Улаанбаатарын Унаганууд" багтай тоглох болно. Уг тоглолтонд "Баянгол ФС" багийг хэн хэрхэн удирдан залах нь сонирхол татаж байна. Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын ордонд амралтын өдрүүдээр явагдаж буй заалны "ПЭПСИ ЛИГ"-ийг та бүхэн үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой шүү. Эрүүл мэнд спортоор амьсгалж амралтын өдрүүдээ өнгөрүүлцгээе. Та бүхэн МХБХ-г зориорой.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна