Өнөөдөр Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр тохиож байна

2016 оны 3 сарын 1

Жилийн бүрийн гуравдугаар сарын 1-нд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага нь байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үед хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах, туслах үйл ажиллагааг баталгаажуулах бүтцийг улс орнуудад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд тус байгууллагын эх үүсвэр 1931 онд тавигдаж, 1972 оны 3 дугаар сарын 1-нд ОУИХБ Засгийн газар хоорондын байгууллага болон байгуулагджээ.

Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон.

ОУИХБ-ын Ерөнхий ассамблейгаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн нь иргэний хамгаалалтын албадын үүрэг болох хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Мөн ОУИХБ-аас Иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах үйлсэд идэвхи зүтгэл, эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, онцгой хувь нэмрээ оруулсан албан хаагчийн гавьяат үйлсийг үнэлэн урамшуулах зорилгоор тус байгууллагын “Баатар одон”-г 1997 оноос гишүүн орнуудын хүрээнд олгож эхэлсэн байна.

Манай орны хувьд 1999 оноос эхлэн иргэний хамгаалалт болон гамшгаас хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан олон жил үр бүтээлтэй ажилласан 1 албан хаагч ОУИХБ-ын “Удирдагч” одон, 19 албан хаагч “Баатар” одонгоор шагнагджээ.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчлан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн зохион байгуулан тэмдэглэж байна.

Нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, Цэцээ гүний ноён оргилд спортын явган аялалыг зохион явуулсан бөгөөд гуравдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын дунд “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээнийг Хүй долоон худагт зохион байгуулах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна