Түрээсийн орон сууцны бүртгэл хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцны бүртгэл хойшиллоо

Орон сууцад орох хүсэлтэй ч бэлнээр худалдаад авах орлогогүй, ипотекийн найман хувийн зээлд хамрагдъя гэсэн ч урьдчилгаа төлбөрийн мөнгө нь хүрдэггүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эсвэл эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгалийн гамшигт орох оронгүй болсон иргэдэд зориулж, Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжид Улаанбаатар хотод “Буян-Ухаа II” хороололд 350 айлын Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг таван жил хүртэлх хугацаатай түрээслэх юм. Барилга, хот байгуулалтын яамнаас өмнө өгсөн мэдээгээр гуравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс Төрийн орон сууцын корпораци /ТОСК/ дээр хямд өртөгтэй орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлнэ гэсэн ч, бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл хойшилжээ. ТОСК байр түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэх тусгай ажилтнуудыг бэлтгэж, ийнхүү 15-ны өдрөөс хойш ажлын тав хоногийн хугацаанд шаардагдах бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг бүртгэхээр болжээ. Дараа нь сугалааны тохирол явуулан 350 иргэнээ сонгох юм. Иймээс иргэд бүртгэл эхлээгүй байхад ТОСК-ийн үүдэнд олноор дугаарлах шаардлагагүй. Бүртгүүлэх хангалттай хугацаа олгоно гэж ТОСК-аас мэдээллээ.

Нийслэл дэх түрээсийн байрны үнэ метр квадрат нь 5500 буюу 200-280 мянга орчим төгрөг, орон нутагт метр квадрат нь 4000 буюу 140-230 мянга байна. Орон нутгийн иргэд тухайн аймаг сумынхаа захиргаанд хандаж бүртгүүлнэ. Төлбөрийн нөхцөл нь түрээслэгч иргэн эхлээд заавал эрсдэлийг тооцсон гурван сарын барьцааг төлж, цаашид сар сард нь байрныхаа түрээсийн мөнгийг өгөөд явж болно. Цаашид иргэдийн сар, сард нь төлөх мөнгө нь байрны урьдчилгаа болж, түрээсийн байраа өмчлөх боломж бүрдэнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мэдээлж байсан ч энэ бол ташаа мэдээлэл гэдгийг ТОСК-аас анхаарууллаа. Байр түрээслэх иргэдийн сард төлөх мөнгө төрийн тусгай дансанд хуримтлагдаж, эргээд орон сууц барих уу, эсвэл худалдан авагчгүй болсон хувийн компаниудын барилгыг худалдан авах уу зэрэг түрээсийн орон сууцын хөтөлбөрөө сайжруулах ажилд хөрөнгө оруулалт болох юм байна. Түрээсийн байранд орох хүсэлтэй 280 мянган иргэн Барилга хот байгуулалтын яаманд бүртгүүлсэн ч энэ жил зөвхөн төр 929 өрхийг түрээсийн байраар хангах бололцоотой.

Иргэд түрээсийн орон сууцад орохын тулд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

  • Цахим үнэмлэхийн  хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг,  хороонд хэдэн жил  амьдарч байгааг тодорхойлсон  байна/,
  • Байр түрээслэхийг хүссэн өргөдөл,  орлого тодорхойлох баримт бичиг
  • Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан материалуудыг бүрдүүлж харьяа аймаг, нийслэлийнхээ төрийн өмчит орон сууцын корпораци эсвэл аймаг, сумынхаа Засаг даргад хүсэлтээ тавих эрхтэй.

Нийтлэг журмыг Барилга, хот байгуулалтын яам баталсан бөгөөд ТОСК-аас нарийвчилсан журмыг энэ долоо хоногтоо багтаан батлах юм. Үүний дараа түрээсийн орон сууцын  хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхлэх эхлэл тавигдана.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж