Оюутан цэргийн бүртгэл эхэллээ

2016 оны 3 сарын 1

 

"Оюутан цэрэг"-ийн бүртгэл нийслэл Улаанбаатар, Ховд аймаг, Дорнод аймагт өнөөдрөөс нэгэн зэрэг эхэллээ. Нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломжтой. Их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэнэ. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт 2016 оны 03 дугаар сарын 10-нд болно. Бүртгэл энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.