БХЯ-ны удирдлагууд алдарын тамирчин Б.Сумъяад баяр хүргэж, амжилт хүсэв

2016 оны 3 сарын 1

Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн II олимпоос тэшүүрийн багийн төрөлд алтан медаль хүртсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Сумъяаг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан өчигдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Өвлийн олимпийн аваргатай хамт "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, спорт хорооны орлогч дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ болон дасгалжуулагч багш Д.Энхбаяр нар уулзлаа. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан "Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөнд тань талархлаа илэрхийлэх ёстой. Зэвсэгт хүчний тамирчид тив, дэлхийн олон тэмцээнд манлайлагч нь болон гялалзаж байгаад салбарын удирдлагууд бид бүхэн баяртай явдаг. Манай тамирчдын энэ их амжилтын ард Г.Өсөхбаяр, Д.Цог-Эрдэнэ хоёрын маань ур ухаан, хичээл зүтгэл, хүч хөдөлмөр байгаа. Та бүхэн салбарынхаа сайд болон удирдлагуудад хэрэгцээтэй, шаардлагатай бүхнээ хэлж байгаарай. Бид дэмжиж ажиллана" гэсэн юм. Дашрамд сонирхуулахад, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны түүхт 70 жилийн ой ирэх наймдугаар сард тохиож байгаа юм. Манай улсад 1946 оны 02 дугаар сарын 02-нд анхны 4 спортын нийгэмлэгийг байгуулсаны нэг нь тухайн үеийн “Цэрэг” өнөөгийн “Алдар” биеийн тамир спортын хороо юм. “Алдар” спорт хороо нь үүсгэн байгуулагдсанаас өнөөг хүртлэх хугацаандаа Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг Олон улс, тив, Дэлхий, Олимпийн тавцанд мандуулж иржээ.