Микро автобусыг ямар унаагаар орлуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Микро автобусыг ямар унаагаар орлуулах вэ?

Нийслэл хотын нийтийн тээвэрт үйлчилж байгаа микро автобусуудын насжилт дууссан учраас өнөөдрөөс үйлчилгээнд гаргахгүй байх шийдвэр гарсан ч дөрөвдүгээр сарын 1 хүртэл хүртэл хойшлуулсан.

Үйлчилгээнээс гарсан микро автобусыг орлох унаа бий эсэх талаар нийслэлийн Тээврийн газраас тодрууллаа. Тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн нэг “Эс Энд Эй” компани БНХАУ-аас дунд оврын автобус нийлүүлэхээр болжээ. Эхний ээлжид энэ сарын сүүлчээр 10 автобусыг оруулж ирэх юм байна. Улмаар сар бүр тогтмол хугацаанд автобус нийлүүлэхээр болсон байна. Гэхдээ эхний ээлжид 10 автобус гэдэг хөл дүүжлэх унаагүй болж буй 18 хорооны иргэдийн хувьд хаанаа ч хүрэхгүй юм. Гэвч одоогоор үүнээс өөр тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Хэрвээ микрог зогсоовол нийслэлийн 18 хорооны иргэд огт унаагүй болно. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2, 7, 22, 24, 17, 19 дүгээр хороо, Баянгол дүүргийн 23,13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 23,17 зэрэг нийтдээ 18 хороо багтаж байна. Өөрөөр хэлбэл, Нэгдүгээр хорооллын ард талын зам, Зургаа дугаар бичил хорооллын хойд хэсэг, Алтан Өлгий, Цагаан даваа, Баруун туруун, Эмээлт гэх мэтчилэн газрууд юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 390 гаруй микро автобус явж байна. Эдгээрийн 350 гаруй нь 12 жилээс дээш насжилттай, нийтийн тээвэрт явахад шаардлага хангахгүй болсон юм. Уг нь нийслэлийн Тээврийн газраас микро автобусыг ядаж наймдугаар сарын нэгэн хүртэл явуулах хүсэлтийг Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн газар зэрэг холбогдох байгууллагууд руу хүргүүлсэн ч боломжгүй гэх хариу ирүүлжээ. Тиймээс ядаж хугацааг нэг сараар сунгахаар болсон байна.

“Автобус 21 цаг өнгөрөөгөөд зогсчихдог. Түүнээс хойш микро л хөл дүүжилдэг” хэмээн иргэд гомдоллож, микрог үйлчилгээнээс гаргахыг эсэргүүцэж байгаа юм. Харин зарим иргэний хувьд “Хотын соёл, нийслэлийн өнгө төрхийг алдагдуулсан энэ үйлчилгээг зогсоох нь зөв” гэсэн саналтай байсан юм. Гол нь микрог орлох нийтийн тээврийн үйлчилгээгээ нэн даруй зохион байгуулж, орой үдшийн цагаар иргэдэд үйлчлэх унааны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг уламжилж байлаа.

Б.ЗАЯА

Зураглаач: Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж