Нийслэлийн мандатын тоог зургаагаар нэмэх төсөл боловсруулжээ

2016 оны 3 сарын 1

Өнгөрсөн Даваа гаригийн Засгийн газар ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд “Тусгайлан өгөх санал” алга гэсэн хариуг өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржоос дараах тодруулгыг хийлээ.

-Засгийн газар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг тань хэлэлцээд хариуг өгч. Төслөө та УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ. Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодруулахгүй юу. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах болсон үндсэн шалтгаан нь юу вэ?

-Засгийн газар хуулийн төсөлд саналаа өгсөн учраас удахгүй УИХ-д өргөн барина. Хуулийн төсөл өргөн барих болсон шалтгаан нь энэ оны нэгдүгээр сард болсон УИХ-ын намрын чуулганы төгсгөлд УИХ-ын тойргийг 26 байхаар тогтоож түүнд хуваарилагдах мандатын тоог тогтоосон. Энэ үеэр нийслэлийн сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхтай харьцуулбал ихэд өссөн, хот хөдөөнөөс сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчдыг төлөөлөх мандат, сонгогчдын тоо нь харьцангуй зөрүүтэй байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэсэн шүүмжлэл их гарсан. Түүнчлэн намын нэрсийн жагсаалтыг, УИХ-ыг ард нийтээр шууд сонгож байгуулна гэсэн заалттай зөрчилддөг гэж зарим судлаач үздэг. Гэсэн ч тухайн үед хөдөө орон нутгийн тойргийн мандатыг хот руу татах нь засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж шүүмжилсэнээр энэ асуудал УИХ-аар дэмжигдээгүй. Харин нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэл рүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж  гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнцвэржүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ үзэл санааны дагуу намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28-н мандатаас зургааг нь нийслэлийн зургаан тойрогт тус бүр нэг, нэг мандатаар нэмж оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж харсан юм. Одоогийн байдлаар нийслэлд нэг гишүүн 100,000 орчим сонгогчдыг төлөөлж, орон нутагт 50,000 орчим сонгогчдыг төлөөлж байгаа. Энэ хол зөрүүг тодорхой хэмжээгээр багасгаж нийслэлийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах тэдний төлөө дуугарч, ажил хийх төлөөллийнх нь тоог нэмэх боломж нээгдэж байгаа юм.

-Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт өмнөх хуулиудад сууж ирснийг шинэчлэн баталсан Сонгуулийн хуулийн хүрээнд орхигдуулсан. Нийслэлийн мандатын тоог нэмэх зорилгоор зориудаар энэ заалтыг авчээ гэж ойлгож болох уу. Мөн нэрийг нь тодорхой сайн санахгүй байна, нэг хөтөлбөрт ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт бий гэж яриад байна. Үүнийг зөрчихгүй юу?

-Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр гэж 2003 оны УИХ-ын  41-р тогтоолд “Ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэхдээ хуулиар өөрчилж болохгүй гэж заагаагүй. УИХ-аас баталсан хууль нь тогтоолоосоо илүү хүчин чадалтай гэж би ойлгож байгаа. Ер нь олон үзэл баримтлал, тогтоол УИХ-аас баталдаг ч хууль яаж гарсанаас тэр нь үндсэн дагаж мөрдөх баримт бичиг болдог. Тэгэхээр хуулиа  дагах нь зүйн хэрэг. Тэгээд ч энэ нэмэлт өөрчлөлт нь сонгуулийн  хуулийн үндсэн концепци бүтцийг өөрчлөхгүй, ард иргэдийн хүсэл санааг тусгаж хуулийг илүү сайжруулах өөрчлөлт шүү дээ.

-Хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ. Тэр үед УИХ Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, нийслэлийн мандатын тоог нэмэх болоход цаг хугацаа дэндүү тулсан байхгүй юу. Мөн МАН-ынхан эсэргүүцэж магадгүй. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-УИХ-аар тойргийн мандат хэлэлцэх үеэр МАН болон бие даагч гишүүдээс намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа асуудлыг ард түмэн эсэргүүцэж байна гэж ихээхэн ярьсан. Тийм болохоор нэрсийн жагсаалтыг цөөлж байгаа миний төслийг дэмжинэ гэж бодож байна.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна