Хэнийг эх оронч гэх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Хэнийг эх оронч гэх вэ?

Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр" өнөөдөр тохиож байна. Сүүлийн үед цахим ертөнцөд иргэд эх орныхоо төлөө, эх орноо боддог бол, эх орон ч хүн ингэж ярьдаггүй зэрэг үг хэллэгийг ихэд хэрэглэх болсон. Тэгвэл иргэдийн төлөөллөөс бид “Эх оронч гэж хэнийг хэлэх вэ?, Эх орон  юунаас эхэлдэг вэ? Өнөөгийн монголчууд эх оронч иргэн байж чадаж байна уу?” зэрэг асуултад хариулт авлаа. Бидний асуултад хариулсан иргэдийн ихэнх нь эх орон гэж Монгол хувь хүн, гэр бүл, эргэн тойрны уул ус, газар шороогоо хайрлахаас эхэлнэ гэж тодорхойллоо. Мөн сүүлийн жилүүдэд улс төрд ард түмнийг төлөөлсөн гишүүд эх оронч үзлээ гээсэн. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдгийн адилаар ард түмэн ч одоо эх орноо хэрхэн хайрлах, байгаль эх дэлхийгээ яаж хамгаалах вэ гэх учраа олохгүй, төөрөлдсөөр байх  боллоо гэж шүүмжлэх иргэд ч байлаа. Тухайлбал Баянзүрх дүүргийн иргэн З.Зоригт “Зарим нэг өндөр албан тушаалтнууд нь газар нутгаа худалдах зүйлд гар бие оролцож байгаа болохоос биш, жирийн иргэд бол эх оронч байж чаддаг гэдгийг онцлоод гэр бүлийнхээ төлөө зүтгэнэ гэдэг чинь эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж буйтай утга нэг” гэж тайлбарлалаа. Харин  иргэн А.Цагааны тухайд монголчууд эх оронч байж чадахгүй байна гэж шүүмжилсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Батбилэгийн тодорхойлсноор эх оронч үзэлтэй, эх орондоо хувь нэмэртэй хүнийг эх орон ч гэж нэрлэх нь ээ. Өөрөөр хэлбэл, эх оронч байна гэдэг тодорхой нэг үүргээ биелүүлдэг, гудамжид хог тарьдаггүй хүнээс л эхлэх гэнэ. Харин БЗД-ийн иргэн Д.Төмөрбаатар “Тусгаар тогтнолтой, биеэ даасан бодолтой, эв нэгдэлтэй байхыг эх оронч хүн гэнэ. Эх орон уул ус, газар шороо, иргэдийн амар тайван аж амьдралаас эхэлдэг” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Монгол хүн бүр эх орон ч байж чадна. Гэхдээ залуучууд өвөг дээдсийнхээ гавьяа, баатарлаг түүхийг одоо ярьж омогшихоос илүү өөрсдөө улс, эх орныхоо бүтээн байгуулалт хөгжилд гар бие оролцдог байх хэрэгтэй.  Улсын хөгжлийг тодорхойлох аливаа үйлс, шийдвэрийг шүүмжилж, хошуугаа нэмэрлэх биш өөрсдөө дүү нартаа үлгэр дуурайлал болж, хийж, бүтээдэг байхыг залуучуудын төлөөлөл А.Агиймаа уриалсан юм. Уншигч та ч гэсэн эх оронч хүн гэж хэн бэ, эх орон юунаас эхэлдэг вэ?, эх оронч байхын тулд иргэд юу хийх ёстой гэдэг асуултад хариулаарай.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж