Ерөнхийлөгч АСЕМ-аар илтгэл тавив

2016 оны 3 сарын 1

Засгийн газар даваа гаригийн хуралдаанаараа 2016 оны гуравдугаар сарын 1-нийг “АСЕМ”-ийн өдөр болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ өдөртэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 19.30 цагт АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын талаар олон нийтэд зориулж илтгэл тавилаа. Тэрээр илтгэлийнхээ эхэнд “Өнөөдөр Эх орончдын өдөр, бас АСЕМ-ын өдөр давхцан тохиож байна. Эх оронч байна гэдэг бол эх орныхоо нэрийг өндөр гаргахад, эх орноо нэгдэхэд, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн үг. Зөв сайхан сэтгэлтэй байхад эх орон цэгцрээд явчих юм” хэмээлээ.

Ази, Европын дээд хэмжээний анхны чуулга уулзалт нь 20 жилийн өмнө яг энэ өдөр болж байсан аж. Хоёр жилд нэг удаа уулздаг АСЕМ энэ хугацаанд Европт таван удаа болсон байна. Дэлхийн хүн амын 68 хувь нь АСЕМ-ын улс орнуудад амьдарч, дэлхийн эдийн засгийн 68 хувь нь АСЕМ-ын гишүүн орнуудад хамаарч байгааг Ерөнхийлөгч онцоллоо. Тус арга хэмжээ Корпрейт зочид буудалд болов.

Монгол Улс анх удаа АСЕМ-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ нь Улаанбаатар хотноо ирэх долдугаар сарын 15-16-нд АСЕМ-ын 11 дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалт болохтой холбоотой юм.  Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдээс 100 гаруй нь оролцоно гэх урьдчилсан мэдээлэл гарсан. Одоогоор 20 гаруй орны төр засгийн тэргүүнд тус чуулга уулзалтад оролцохоо илэрхийлж батламжаа ирүүлээд байна.

Онцлоход, хоёр жилийн өмнө буюу Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сарын 16-17-нд АСЕМ-ын 10 дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалт болоход 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна