Европ дүрвэгсдээс айж байна

2016 оны 3 сарын 2

 

 

Дүрвэгсдийн их урсгалд автаад буй Европын орнууд хямралаас гарах нэгдсэн бодлого боловсруулж чадалгүй мухардалд ороод байна. Европын орнууд дүрвэгсдийн хямралыг айдас хүйдэс мэтээр хүлээн авч буйгаас Европын зарим орнууд хилийн хяналтаа чангатгаж, хил дээр хашаа хайс хатгаж эхэлсэн юм.

 

Дүрвэгсдийн хувьд Европ руу гарах гол гарц болж буй Грек л гэхэд өнгөрсөн жилийн эхнээс хойш сая хол давсан дүрвэгч, цагаач хүлээж авчээ. Тэдгээр дүрвэгсдийн дийлэнх нь Туркээс далай гатлан Грект хүрч байгаа юм. Ийм шалтгааны улмаас Турк Европын холбооны гишүүн орнуудаас хилийн хяналтаа чангатгах шахалтад ороод байгаа билээ.

 

Хэрэв Грек Туркээр дамжин очиж буй дүрвэгсдийн тоог хязгаарлаж чадахгүйд хүрвэл Унгар, Польш, Чех, Словак зэрэг орнууд Балканы орнуудтай хилийн хяналтаа чангатгана гэдгээ мэдэгдсэн.

 

Австри улс Македонид өмнөд хилээр орж ирж буй дүрвэгсдийн их урсгалыг бүрэн зогсоохыг уриалсан.

 

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар байгууллагын мэдээлснээр 2017 он гэхэд гурван сая гаруй дүрвэгч Европ руу гарах тооцоо гарчээ. Гэвч дүрвэгсдийн хямрал дүрвэгсдийн тоонд биш, нэгдсэн бодлого үгүйлэгдэж буйгаас хямрал улам олон улс орныг хамарч, хямралыг улс төржүүлж, туйлшруулж байгаад гол бэрхшээл байгаа ажээ.

 

Гректэй хил залгаа улс орнууд Сири, Афганистан, Иракаас очсон дүрвэгсдэд хилээ хааснаас хойш Грект асар олон дүрвэгсдийн хуаран бий болоод байгаа юм.  Харин Грек улс өөрөө зургаан жил санхүүгийн хямралд орж, гурван удаа олон улсын санхүүгийн тусламж авч, эдийн засгийн хатуу бодлого явуулах болсноос ажилгүйдэл өсч, гэр оронгүй хүмүүс улам нэмэгдэж байгаа улс билээ.

 

Грект тэдгээр дүрвэгсдийг бүгдийг нь хүлээж авах боломж байхгүй ч далай гатлан хөлөг онгоцоор очиж буй хэдэн зуун мянган хүнд бас нуруугаа харуулж, хөөж чадахгүй байдалд хүрээд байгаа юм. Тиймээс Грек Туркээс тэдгээр дүрвэгсдийг хөлөг онгоцонд суулгахгүй байхын тулд хатуу арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.

 

Бас нэг хүндрэл гэвэл Африк дахь хямрал, үймээн самуунаас болж дайжсан хүмүүс Итали руу дүрвэх нь улам нэмэгдсээр байгаа билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Итали руу гарсан цагаачдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрөв дахин нэмэгджээ. Хойд Африкийн орнуудаас далайг гатлан хатуу бэрх зам туулж очдог тэдгээр хүмүүсийн тоо энэ жил өнгөрсөн оныхоос хоёр дахин өсч, 300,000 хүрэх тооцоо гарчээ. Тэдгээр хүмүүсийн дийлэнх нь Сомалийн хойг буюу дэлхий мартсан газрын хүмүүс ажээ.

 

 

Аль орны иргэд дүрвэж байна вэ?

 

Сирийн иргэний дайн дүрвэгсдийн энэхүү том давалгааг эхлүүлсэн. Түүнчлэн Афганистан, Иракт гарч буй хүчирхийлэл, алан хядлага, Эритрей дэх халдлага, Косово дах ядуурал зэрэг нь тэдгээр хүмүүсийг эх орноо орхин аюулгүй гэсэн газар руу дүрвэхэд хүргэж байгаа билээ. Европын орнуудад амьдран суух хүсэлт хамгийн их гаргадаг нь Сири, Афганистан, Косово, Ирак, Албани, Пакистан, Эритрей, Нигери, Серб, Украины иргэд байгаа ажээ.

 

Тэд хаашаа дүрвэж байна вэ?

 

Европ руу гарсан тэдгээр дүрвэгсэд бүгд оршин суух хүсэлт гаргадаггүй. Гэвч дийлэнх нь ийм хүсэлт гаргадаг ажээ. Европын холбооны орнуудад өнгөрсөн жил нэг сая гаруй хүн цагаачлах хүсэлт гаргасан байна. Өнгөрсөн жил 476,000 дүрвэгч, цагаач Германд орших суухыг хүссэн юм. Германд оршин суух хүсэлт гаргахаас өмнө бүртгэдэг системийн ачаар тус улс руу гарсан дүрвэгсдийн тоо үүнээс хэдэн дахин их болох нь тогтоогдсон. Цагаач, дүрвэгчдийн тоогоор Унгар улс Германы дараа орж байна. Мөн Грек, Балканы хойгийн орнууд дүрвэгсдийн урсгалд хамгийн ихээр өртөж байгаа билээ.

 

Европын холбооны орнууд дундаас Герман өнгөрсөн жил хамгийн олон дүрвэгч хүлээж авсан ч хүн амын тоотой харьцуулсан дүнгээр 100,000 хүн ам тутамд 1798 дүрвэгч ноогдсоноор Унгар тэргүүлж байгаа юм. Унгар өнгөрсөн онд Хорваттай хиллэдэг хилээ хааж, дүрвэгч хүлээж авахаа больсон. 100,000 хүн ам тутамд 1667 дүрвэгч ноогдож буй Швед мөн хилээ хаагаад байгаа билээ. Харин Европын холбооны 100,000 хүн ам тутамд 255 дүрвэгч ноогдож байна.

 

Австри улс саяхан Балканы орнуудтай хиллэдэг хилийн хяналтаа чангатгах болсноо зарласан нь түүхийн эгзэгтэй үеийг хамт туулж ирсэн хөрш Германыг эвгүй байдалд оруулсан юм. Берлины эрх баригчид Австрийн энэ үйлдлийг урвалт гэж үзэж байгаа аж. Германы “Sueddeutsche Zeitung” сонинд “Австрийн энэ ичгүүргүй үйлдэл Европын мөхлийг зөгнөж байж мэднэ” гэж бичжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна