Эрийн хоёр наадамтай болох уу?

2016 оны 3 сарын 2

-Эрүүл монгол хүүхэд эмээл дээр бойждог-

Гурван саяас тал нь Улаанбаатарт амьдарч буй монголчуудын дийлэнх олонх маань хотжих гэж бүдэрч, будилж яваа. Амьжиргаа дагасан төвлөрлийн нүүдэл цаашид үргэлжлэх нь дамжиггүй биз ээ. Хорин жилийн өмнө гарал үүслээ ярихаар бүгд л хүрээнд хамаагүй, нутаг нугатай болдог байсан бид бол өнөөдөр өөр болсон. Ботго, ишгийг ялгахгүй будилсан үр хойч маань өсөн өндийж, эрийн цээнд хүрч, эмээ өвөө болж байна. Үзсэн, харсан маань нүүдэлчний ахуй соёл, малын бараанаас холдож, гадаад ертөнц, технологийн дэвшилд илүү дөхөмтэй болжээ. Дотор мах идэх нь байтугай хамраа чимхээд холдохын түүс болдог харьжсан монгол хамаагүй олшров. Махнаас гарчхаагүй нь яамай даа гэвч цагаан хоолтны цайны газрууд бишгүй харагдах болсон цаг.

Цуутын цагаагч гүү, өнчин хүү, хамуутай хар дааганы үлгэрээс илүү Харри Потер, Сүпермэн, Наруто гэсэн харь орны үлгэрийн баатруудыг балчрууд минь биширч ургасаар. Хүчтэй улсын юм бүхэн сайхан харагддаг болохоор өсвөрийнхөн маань нэгэн орны эрчүүдтэй адилхан эмэгтэйлэг болохыг илүүд үздэг болсон.

Энэ бүхнийг болхи бичигч улиглахын учир нь сүүлийн үед бидний ихээр ярьж, зарим маань үзэн ядаж, хараан зүхэх хүртлээ хагартлаа уурлах болсон хурдан морины уралдаан юм. Морьтон монголчууд бид эрийн гурван наадмынхаа нэгийг хүүхдийн хүнд хөдөлмөр гэж хэлдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Ер нь үндэснийхээ уламжлал, соёл, заншил бүхнийг үгүйсгэх маягтай. Өрөөлийг шүтэх барилдлагатай болчихсон. Аливаа спортод амжилт гаргахын тулд багаас нь хичээллүүлэх нь чухал. Хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлэх нь эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй бие даах, тэсвэр хатуужилтай болох сайн талтай хэмээн шинжлэх ухаанчаар ам булаалдан ярих болсон хэр нь ээ уламжлалт спортоо нулимах нь хачирхалтай. Аль ч спортод бэртэл гэмтэл авах явдал байдаг. Харин тэр болгоныг тоочоод байдаггүй болохоор бид төдийлөн анзаардаггүй ч байж мэднэ. Морин уралдаан тэгвэл спорт мөн нь үү, мөн. Тэр дундаа тэсвэр хатуужил, хурд, оюун ухааны спорт. Энэ утгаараа тамирчныг нь багаас нь бэлтгэж, сайтар сургах нь харин ч ирээдүйн амжилтын үндэс байх учиртай. 

Монголчуудын эрийн гурван наадам амжилтын үндэс нь болж байснаас гай тотгор нь болоогүй гэдгийг Олимпийн  мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга Хорлоогийн Баянмөнх, Олимпийн мөнгөн медальт, үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбат, Олимпын хошой медальт Найдангийн Түвшинбаярын амжилт нотолно. Тэд бүгд л хурдан морь унаж, ноцолдож өссөн бидний бахархлууд.    

Монголын анхны сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа гуравдугаар ангид байхдаа тууврын хүмүүстээ мал туугаад морьтойгоо анх хотод орж ирсэн тухайгаа хуучилсан төдийгүй сансарт нисэхэд нь багаасаа морь унаж, тэнцвэрээ олж өссөн учраас бэрхшээл байгаагүй хэмээн дурссан байдаг. Түүнийг ч батлах мэт МУГЖ Б.Дариймаа,

-Монгол сансрын хооронд хотолзол үгүй Гүррагчаа
Морь пуужинг хослуулаад алжаал үгүй Гүррагчаа ... гэж сансарт ниссэнийх нь дараа дуулж байсныг гэрчлэх олон хүн бий.

Одоо л бид ахуй соёлоосоо холдчихсон болохоос биш монголчууд багаасаа морь унаж өссөн гэдгийг Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогоос эхлээд 40-өөс дээш насныхны бүгдийнх нь туулж ирсэн түүх. Тиймээс ч,

-Дааганаас унаж үхдэггүй дарвагараас унаж үхдэг гэдгийн утга учрыг илүү мэднэ.   Монголчууд үр хүүхдээ багаас нь морь унуулан сургаж, малд нүдтэй болгодгийг гэрчлэх “унадаг нь даага, өмсдөг нь ёрог” гэхээс эхлээд зан үйлтэй нь холбогдсон бишгүй олон зүйр үг бий. 

Гэлээ гээд бид уламжлалаа дагаж байна гээд энэ цагт араг бариулж авгайгаа төрүүлэх нь утгагүй. Засч залруулан, орчин цагийн онцлогтоо тааруулах гээд шууд үгүйсгэлгүй, авч гээхийн ухаанаар хандах нь чухал. Үүгээрээ мориноос хүүхэд унаж, бэртэж байх нь энгийн үзэгдэл гэж хэлэх гэсэнгүй. Харин ч эсэргээрээ. Илүү зохион байгуулалттай чадварыг нь сайжруулах нь чухал.

Эмээл дээр эрүүл монгол хүүхэд бойждог гэж өвгөд хэлсэн нь учиртай. Монголчууд эртнээс хүүхдээ ухаан ороогүй байхад нь моринд мордуулж, түшиж, хөтлөн дасгаж, тэнцвэрийг нь олуулж сургадаг байж. Өөрөөр хэлбэл, ухаанаар гэхээсээ илүүтэй бага тархи нь ажиллаж реплексээрээ тэнцвэрээ олж, ухаан бодлоороо бус ухамсаргүй үйлдлээр суралцдаг давуу талтай аж. Харин энэ уламжлал өнөөдөр мартагдах шахжээ. 

Хүүхэд яагаад мориноос унаад байна вэ?

Хүүхдүүд мориноос унаж бэртэх тохиолдол гардаг. Гэхдээ энэ нь хүүхдийг морь унуулаад буйтай холбоотой гэхээсээ илүү зохион байгуулалттай холбоотой асуудал. Хүүхэд морьноос унаж бэртсэн шалтгааныг хайхаар гарааны зурхайн өргөн хэтэрхий богино байгаагаас гараанаас гарах үед олон морьд шахцалдаж хүүхэд унах нэг том шалтгаан болдог. Ингэснээр арын моринд гишгүүлэх ч эрсдэл бий. Дээр нь хөрөнгө, төсөв, цаг хугацаагаа бодоод нарийн зам засдаг. Энэ нь мөн л бие биенээ дайрч унагах бас нэг шалтгаан болдог юмсанж. Тэгвэл нэгэнт гараанаасаа унаагүй давхисан хүүхэд мориноосоо унасан тохиолдол ховор. Хаа нэг барианд хүүхэд нь морио чирээд гүйж орж буй харагддаг ч энэ морь нь сууж явахаа байснаас үүдэлтэй байдгийг хурдан морины уралдаан үзэж, омогшиж бахархаж байдаг хэн бүхэнд ойлгомжтой асуудал. Барианд хүүхэдгүй морь орж ирдэг нь гарааны зурхайд шахцалдаж хүүхэд нь унасантай холбоотой байдгийг ч хэн хүнгүй мэднэ. Тиймээс хүүхэд уралдуулахыг боль гэхээсээ илүүтэй тэрхүү унагаад байгаа шалтгаануудыг нь арилгуулж, хамгаалалт, зохион байгуулалтыг нь сайжруулах зохицуулалтыг хангаж өгөхийг хүний эрхийн байгууллагууд шаардмаар юм шиг санагдана. Түүнээс уяачид өөрсдөө унаад уралд гэх нь холгүй харьжсан шаардлага тавих нь утгагүй. Нөгөө талаас үндэсний өв соёлыг үгүйсгэж байгаагаас өөрцгүй.

Улстөрчид ба уяачид, борчууд хийгээд хүүхдүүд

Бидний дунд хүнээр уяулчихаад өөрөө гавъяаг нь авч байна гэх шүүмжлэл бишгүй бий. Тэр нь ч зөв хүлгийн эзэн, уяач хоёрын ялгаа заагийг гаргаж өгөх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ мөнгөтэй нь дуугаа захиалдаг болсон энэ цаг дор тийм ч амархан шийдэх асуудал биш. Харин мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс ядарсан, зүдэрсэн борчуудын хүүхдийг үхэл рүү түлхэж байна. Тийм л юм бол өөрсдийнхөө хүүхдийг унуулаач гэх шүүмжлэл бол бас учир дутагдалтай. Харин ч морин уралдаанд мөнгө хаяснаар ажлын байр нэмэгдэж байна гэвэл үнэнд ойртоно. Ойролцоогоор энэ салбарт 100 мянган ажлын байр бий болж байна гэж уячдын холбооноос хэлдэг. Гэхдээ 100 мянга биш юмаа гэхэд 20-30 мянган ажлын байр бол баттай бий. Хурдан морийг нь маллаж, түүнийхээ хөлсөөр амьдарч буй малчин өрхөөр нь тооцвол шүү дээ. Хамгийн ойрын жишээгээр тооцоход л Өлзийт хороололд 40-50 галын төлөөлөл бий. Нэг галд арваад хүн гэж тооцвол бас овоо тоо гарна. Харин ч уламжлал, ёс заншлаа чадлынхаа хэрэнд авч яваад нь хааяа ч болов бид бахархмаар...

Хавар морь уралдуулж байсан уламжлал байхгүй л гэнэ. Харин ч дор бүрнээ морио уралдуулж ирэх жилийнхээ хийморь сүлдийг шинждэг байсан талаар нутаг нутгийн өвгөчүүл бишгүй хуучилдаг. Гэхдээ одоо цагийнх шиг улсын хэмжээнд хурдан морины уралдаан болдоггүй байсан нь тодорхой. Тийм боломж бололцоо ч байгаагүй нь мэдээж. Айл саахалтаараа уралдуулдаг байсан болохоор архивт тэмдэглэгдэн үлдсэн нь ховор байх л даа...

Эцэст нь хэлэх хэдэн үгс...

Өнөөдөр хот, хөдөөгийн хүүхдүүдийн бие хаа тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Айраг, тараг ууж, ааруул идэж, мал маллаж, шороон дээр ноцолдож, хөдөө өссөн хүүхэд биеийн өсөлтөөр хотынхноос намхандуу байдаг ч бугалга, булчин шөрмөс, шүд, нүдний хараа, тэсвэр хатуужлаараа хавьгүй илүү байдаг нь нууц биш. Наад зах нь харшил гэх хотын өвчин тэднээс хол. Өнөөгийн хотын залуус шиг амь нь хаана байна гэмээр байсан бол бидний өвөг дээдэс хөдсөн дээл хөдөрч, намхан чилгэр морьтойгоо дэлхийн талыг эзлэхгүй байсан нь гарцаагүй.    

Ингэж хэлэхээр хүй нэгдлийн малаар нь дуудах нь захаас аваад олдох байх л даа. “Хүүхдийн эрхийн тухай 1989 оны НҮБ-ын конвенцэд Монгол Улс 1990 онд нэгдэн орсон байдаг. Энэхүү конвенцийн 6-р зүйлд зааснаар “Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө. Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана. Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна гэж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө ам тангараг өргөсөн” гэж цэцэрхэх хүний эрхийг хамгаалагчид ч цөөнгүй бий л байх. Гэхдээ морь унасан хүүхдийн эрүүл мэнд хохирдог гэж хаана баталсан юм гэж асуумаар байна. Харин мориноос унаж бэртэх шалтгаан болоод буй зөрчил, дутагдлыг нь арилгах нь чухал юм биш үү. Авто ослоор олон зуун хүн нас бараад байна гээд машинаар зорчихыг хориглодоггүй биз дээ.

Нэгэнтэй Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэнчлэн “Монгол наадмын шүншиг нь жижигхэн монгол морийг жижигхэн хүүхэд унаж уралдахдаа байдаг юм шүү”. Гэтэл эрийн гурван наадмынхаа нэгийг ингэж ад үзэж, үгүйсгэхийн оронд харин ч сайжруулж, улам боловсронгуй болгон хөгжүүлэхийг ярихгүй байгаа нь хэний санаа бодлоор хэн нь юу яриад байна аа гэж хардахад хүрмээр. 

Хомоол, айргийн үнэр хамар сэнгэнэж, хурдан морьдын уяа тойрч, сойсон морьдынхоо чилээг гарган, цовоо сэргэлэн хоолойгоор цангинасан хүүхдийн гийнгоон дуутай зэрэгцэн янцгаах морьдыг хараад урам зориг сэргэдэггүй монгол хүн байдаг гэж үү.

Эрхийн мэргэн харваач шиг эрийн гурван наадмынхаа нэгийг нь хасаад, харь орны бүхнийг шүтэж, хар толгойгоо угаалгаад, хожим нь юу ч үгүй хоцрох уу?  

Хүний эрх, хөгжлийн хурданд хөтлөгдөн, өдрөөс өдөрт даяарчлагдаж буй өнөөгийн бидний уламжлалаа үгүйсгэж бусдыг шүтэх шинэчлэл хаашаа чиглүүлж, хаана хүргэн, хэн болгох бол оо гэж санаа чилээгч Л.Нарантөгс. Та ч бас үгүйсгэхийг урдаа барилгүй, бодоод нэг үзээрэй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна