Хамгаалах бүснээс болж хасах оноо!

2016 оны 3 сарын 2

Жолоочийн зөрчлийн оноо хэрэгжээд нэг сар болж байна. Энэ хугацаанд нийтдээ 7978 жолооч зөрчлийн оноогоо хасуулсан дүр зурагтай байна. Ялангуяа хамгаалах бүснээс болж оноогоо хасуулжээ. Жолооч нар зөрчлийн оноогоо нийтлэг гурван асуудлаар хасуулж буй аж. Хамгаалах бүс зүүгээгүй, гэрлэн дохио зөрчсөн, цагдаагийн хориглосон дохио зөрчсөн, орон нутгийн замд ачаа тээвэрлэх журам зөрчсөнөөс 1-3 оноогоо хасуулах нь элбэг буйг албаныхан нуусангүй. Ингээд жолооч нар хамгийн их зөрчих магадлалтай 17 үйлдлийг оноогоор нь багцлан, дахин сануулъя.

“-1 ОНООНЫ БАГЦ”

Жишээ нь та бүсээ зүүсэн байж болно. Гэсэн ч дэргэдэх зорчигчийнхоо аюулгүй байдалд ч мөн анхаарах учиртай. Тиймээс зорчигчийн аюулгүй байдлыг жолооч хангаагүй гэдэг үүднээс танд -1 оноо өгч байгаа нь тэр.

Жолооч нарын зөрчил өнгөрсөн онтой харьцуулахад буурсан дүнтэй хэдий ч хориглосон болон гэрлэн дохио зөрчсөнөөс оноогоо хасуулах явдал нийтлэг гарах болжээ. Та энэ тохиолдолд өөрийн 10 оноогоос нэгийг хасуулна.

Тэгвэл орон нутгийн замд зорчигчдыг ихээр чихэх, эсвэл ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол та мөн л -1 оноо авна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, та үнэмлэхгүй найздаа машинаа унуулсан бол таны оноо хасагдана.

Хэт ядарч, өвчилж автомашин жолоодож, аюулгүй байдлаа хангаж чадахгүй болсон үедээ машинаа жолоодсон бол хасуулна. Мөн ийм хүнд машинаа бариулсан бол мөн л таны оноо хасагдана. Гэхдээ үүнийг цагдаагийн үзэмжээр тодорхойлохыг анхаараарай.

Мөн та тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн бол -1 оноо авна.

“-2 ОНООНЫ БАГЦ”

Харин та замын хөдөлгөөнд оролцох үедээ дараах үйлдлийг хийвэл хоёр оноондоо “баяртай” гэж хэлнэ.

Давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол таны оноо хоёроор хасагдана.

Дугааргүй машинаар хөдөлгөөнд оролцсон, цаг хугацаандаа дугаар аваагүй, нууж далдалсан бол оноо хасна.

Ангилал тохирохгүй үнэмлэхтэй бол оноо хасагдана.

Хурдаа 50 хүртэлх хувиар хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон бол хасна.

Хориглосон газарт гүйцэж түрүүлсэн бол оноо хасна.

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочийн оноо хасагдана.

Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хасуулна.

Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй бол мөн л хасуулах юм.

“-3 БАГЦ”

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо

Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо тус тус оноож таны 10 онооноос хасагдах юм.

“+ ОНОО”

Та дараах тохиолдлуудад урамшуулал эдэлж, оноогоо нэмэх боломжтой.

Та жилийн хугацаанд зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасуулсан оноогоо сэргээлгэж болно.

Мөн хоёр жилийн хугацаанд зөрчил гаргаагүй бол 10 оноог сэргээнэ.

Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон бол оноог сэргээнэ.

Жолооч сургалтад хамрагдаж тэнцсэн тохиолдолд 10 оноогоо эргэн авна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна