Байраа зарж, номын сан байгуулжээ

2016 оны 3 сарын 2

ОХУ-ын сайтуудаар Монголын нэгэн залуу гэр бүлийн хийсэн сонголт ид шуугиан тарьж байна. Энэ талаар хэрхэн бичиж  буйг бид орчуулан хүргэж байна.

"Би дөрвөн хүүхэдтэй, ердийн нэг гэрийн эзэгтэй, эх хүн. Гэртээ суун үргэлж гоншгонож суухгүйн тулд би өөрийн мөрөөдлөө биелүүллээ” гэж С.Батцэцэг ярив.

Сэрдамбын  Батцэцэг  дөрвөн хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Түүний нөхөр Мягмаржавын Ганбат нь урлаг судлаач, дизайнер. Том хүү нь 12, дунд охин нь 9, бага хүүхдүүд нь 5, 3 настай. 

“Сайн гэрийн эзэгтэй, эх байх гэдэг амаргүй. Энэ ажил цалингүй, амралтгүй. Эхийн ажил хэзээ ч дуусахгүй. Би жирийн нэгэн эх хүн. Гэртээ  суун гонгинож, шалтаг тооцож суухын оронд би  амьдралаа өөрчлөн мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн юм” хэмээн С.Батцэцэг ярив.

Тэрээр Улаанбаатарын “Бөхийн өргөө” орчимд номын сан байгуулан “Нобелийн шагналтнуудын номын сан” гэж нэрлэжээ.

Номын сан нээхийн тулд тэрээр нөхөртэйгөө зөвлөж, нөхөр нь түүнийг бүрэн дэмжиж, хоёр өрөө байраа зарахыг зөвшөөрчээ. Тэр мөнгөөр гэр хороололд жижиг хашаа, байшинтай болж, үлдсэн мөнгийг нь номын сан байгуулахад зориулжээ. Түүний номын сангийн анхны үйлчлүүлэгч нар нь 2-3 дугаар ангийнхан болжээ.

Яагаад номын сангаа “Нобелийн шагналтнуудынх” гэж нэрлэсэн юм бэ гэж түүнээс их асуудаг аж. Энэ асуултанд “Манай уншигчид дундаас нобелийн шагналууд төрнө гэдэгт би итгэдэг” хэмээн Батцэцэг хариулдаг ажээ.

Батцэцэг  англи хэлний багшийн мэргэжилтэй, англи хэлний дамжаа ажиллуулдаг. Нөхөр нь зургийн дугуйлантай гэнэ. Мөн номын санд нь монгол хэлний зөв бичлэгийн дүрэм, шатар, даамны дугуйлан ажилладаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна