Олимпийн медалиас атгаад алдаж байсан Ц.Мөнхзул РИО-д даагаа нэхнэ

2016 оны 3 сарын 2

Бид долоо хоног бүрийн лхагва гарагийн дугаартаа олимпийн эрх авсан тамирчдаа цувралаар танилцуулж байгаа билээ. Хамгийн түрүүнд олимпийн наадамд зургаа дахиа оролцох гэж буй хөдөлмөрийн баатар О.Гүндэгмааг танилцуулсан бол үргэлжлүүлээд буудлагын олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзулыг танилцуулъя.

Түүний хувьд өдгөө 35 настай бөгөөд хоёр дахь олимпийн наадамдаа цэц сорих гэж байна. Тэрбээр Азербайжаны Габала хотод болсон олимпийн эрх олгох тэмцээнд VI байр эзэлснээр Монголын мэргэн буучдаас гурав дахь буюу сүүлийн эрхийг эх орондоо авчирсан юм. “Хүч” спорт хороонд данстай мэргэн буучийн хувьд хийн гар бууны 10, спорт гар бууны 25 метрийн дасгалд цэц сорьдог. Олон улсын хэмжээний мастер Б.Алтанцэцэгийн удирдлагад буудлагын спортын гараагаа эхлүүлсэн Ц.Мөнхзул мастер анх 2008 оны олимпод оролцож наймдугаар байр эзэлсэн удаатай. Тухайн үед түүнд хийн гар бууны 10 метрийн дасгалд олимпийн медаль авах боломж байсан ч атгаад алдсан. Энэ талаараа тэрбээр “Сэтгэлзүйн бэлтгэл жаахан дутсан. Өөрөө өөртэйгээ сайн ажиллаж чадаагүйгээс болоод л наймдугаар байр луу ухарсан” хэмээн ярьсан байдаг. Олимп, дэлхийн аваргаас медаль авах боломжтой гэдгээ 2013, 2014 онд дахин баталсан. Тодруулбал, 2013 онд Ираны Тегеранд болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2014 оны Инчоны Азийн наадамд багаараа хүрэл медаль авсан нь түүнийг ямархуу чансаатай тамирчин бэ гэдгийг харуулж байгаа юм. Ц.Мөнхзул мастер 2006 онд Дохад болсон Азийн наадмаас багаараа хүрэл, оюутны Универсиадаас мөнгө, Хийн бууны Азийн аваргад багаараа алт, хувиараа мөнгө, дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл, 2005 оны Зүүн Азийн наадмын алт, мөн бусад тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Түүний сул тал нь урьдчилсан буудлагад сайн бууддаг атлаа финалд алдаа гаргадаг. Үүнийгээ л засаж чадах юм бол Ц.Мөнхзулыг олимпийн медаль авах бүрэн боломжтой гэж дасгалжуулагч нар дүгнэж байна. Хэрвээ алдаагаа засаж чадвал Риогийн олимпоос медаль авах тамирчдын тоонд түүнийг зүй ёсоор багтааж болох юм. Олон улсын хэмжээний мастер Б.Алтанцэцэг “Миний шавь Мөнхзулд олимп, дэлхийн аваргаас бусад бүх медаль бий. Энэ хоёр тэмцээнээс л медаль авчихвал зорилго биелнэ” хэмээн ярилцлагадаа дурдаж байжээ. Дашрамд сонирхуулахад, Ц.Мөнхзул мастер 1994 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд тухайн үед Ганзориг дасгалжуулагчийн удирдлагад урт буугаар буудаж байжээ. Улмаар 1999 оноос төрлөө сольж гар буунд шилжсэн байна. 

Б.МӨНХЗУЛ

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна