АСЕМ-д “ЗА” гэхийн учир

2016 оны 3 сарын 2

Ази Европын 51 орон, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг  Улаанбаатар хотноо зохион байгуулах эрх авснаас хойш хоёр жилийг үдэж байна. Өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдрийг АСЕМ-аар овоглож байхаар тогтож, АСЕМ-ийн тухай анхны лекцийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уншсан юм. Бүтэн цаг 30 минут үргэлжилсэн түүний лекц АСЕМ-д ЗА гэхээс аргагүй болтол “сэнхрүүлсэн” гэж дүгнэж болно. “Юун АСЕМ, наана чинь улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой өчнөөн асуудал байхад” хэмээн унтууцаж байсан хүнийг ч “Нээрэн, энэ чинь манай улсын хувьд нэр төрийн хэрэг юм биш үү” гэж бодтол нь уярааж чадсан юм.

Гуравдугаар сарын 1-нийг АСЕМ-ийн нэрэмжит болгосон нь зүгээр нэг тохиолдол эсвэл зарим хүмүүсийн хардаад байгаачлан “Эх орончдын өдөр”-тэй давхцуулан барьцаад байгаа хэрэг биш ажээ. АСЕМ анх 1996 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хуралдаж байжээ. Тиймээс л энэ өдөр АСЕМ-ийн тухай, тус байгууллагын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар танилцуулахад хүрсэн байна. Ерөнхийлөгчийн яриа 1000 хүнийг “Корпорэйт-2” төвд, дэлгэцийн цаадах мянга  мянган үзэгчийг “Монгол  HD” сувгийн өмнө уясны учир нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд хэрхэн хүрэх, АСЕМ-аар дамжуулан дэлхийд нэрээ дуурсгах боломж байгааг онцолсон явдал юм. Харин энэхүү лекц “Юнивишн”-ийн үзэгчдэд хүрээгүйг энд дурдахад илүүдэх юун.

Магад АСЕМ шиг дээд хэмжээний уулзалт нэгэн зуунд дахин давтагдахгүй байх магадлалтайг Ерөнхийлөгч  тодотгосон юм. Тэглээ гээд АСЕМ-ийг бид гоёж гоодож бус эгэл байгаагаараа угтах бөгөөд гагцхүү байгаа боломжоо зөв хуваарилж, хүн бүрийн хүчин зүтгэлээр дэлхийн хэмжээний уулзалтыг дээд хэмжээнд нь зохион байгуулах боломжтой гэдгийг онцолж байлаа. АСЕМ-д уригдсан өндөр дээд хэмжээний зочдыг дагалдан олон мянган төлөөлөгчид Улаанбаатарт ирнэ. Зөвхөн АСЕМ сурвалжлах сэтгүүлчдийн тоо л гэхэд 1000 хүрчээ. Мянган сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл дэлхийн сая сая хүний мэлмийд хүрч, Монгол Улс гэх нэр долдугаар сарын дунд үед дэлхийн сонорыг дэлдэнэ. Харин ямраар сонсгох, харуулах  нь монголчууд бидний сонголт болон үлдэж байна. Ази Европыг холбосон АСЕМ-д  багтсан 51 оронд дэлхийн хүн амын 68 хувь нь аж төрж буйн дээр дэлхийн эдийн засгийн 51 хувь нь АСЕМ-ын гишүүн орнуудад хамаарч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Европ тивд таван удаа, Ази тивд таван удаа зохион байгуулагдсан бөгөөд 11 дэх удаагийнх нь Монголд ирж буй нь энэ юм. Цаана нь энэ эрхийг аваагүй 40 улс Монголыг ажиж буй нь мэдээж.

Ази-Европын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ыг зохион байгуулах анхны санаачлагыг 1994 онд Сингапур, Францын удирдагчид гаргасан байдаг ажээ. Харин анхны дээд хэмжээний уулзалт 1996 оны  гуравдугаар сард Тайландын Бангкок хотноо болсон байна. Хоёр дахь удаагийн уулзалт 1998 онд Их Британийн Лондонд, гурав дахь удаагийн уулзалт 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо, дөрөвдүгээр уулзалт 2002 онд Дани улсын нийслэл Копенгаген, тавдугаар уулзалт 2004 онд Вьетнамын нийслэл Ханой, зургадугаар уулзалт 2006 онд Финландын нийслэл Хелсинк хотноо болсон байна.  

2006 оны есдүгээр сард Хельсинк хотноо болсон АСЕМ-ын зургадугаар уулзалтын үеэр Монгол Улс АСЕМ-д нэгдсэн оржээ. Тухайн үед манай улсын хамт Энэтхэг, Пакистан улсууд мөн АСЕМ-д элсчээ. АСЕМ-ын удаах уулзалт 2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин, 2010 онд Бельги улсын нийслэл Брюсель, 2012 онд Лаос улсын нийслэл Вьентьянд болсон бөгөөд 10 дахь удаагийн уулзалт Италийн Милан хотноо болсон билээ. Миланд болсон уулзалтаас 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг Монгол Улсад өгөх үеэр төр засгийн тэргүүнүүд “Спортоор бол бид олимпийн эрх авлаа” хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл олимп хаяанд иржээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг хэрхэн зохион байгуулахаас улс орны нэр хүнд шалтгаалах учир АСЕМ-д ЗА гэж хэлэхээс аргагүй нь.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна