Сонгуулийн хуулиа өөрчилж, жижгүүдээ жийх үү?

2016 оны 3 сарын 2

Эрх баригч хүчин Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах бэлтгэлээ хангаж эхлэв. Өмнө зарлаад хаасан ээлжит бус чуулганаар Цэцийн даргыг чөлөөлсөн бол энэ удаад зарлах ээлжит бус чуулганаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, нийслэлийн мандатын тоог нэмэх нь. Одоогоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамж гараагүй байна.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан нэр бүхий хуулийн төсөлд намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28 мандатаас зургааг нь нийслэлийн зургаан тойрогт шилжүүлэхээр заажээ. Энэ нь нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүргийн мандатын тоо тус бүр нэгээр нэмэгдэж, сонгуулийн тогтолцоо 48х28 бус 54х22 болж, пропорционалийн тоо буурах болж байгаа юм. Пропорциональ тогтолцооны хувь хэмжээ буурах нь жижиг намуудад  халгаатай, парламентад орж ирэх босгыг нь улам өндөрсгөнө. Харин хоёр том нам болох АН, МАН-д хамгийн ашигтай хувилбар.

МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараагаас пропорционалийн хувь хэмжээг бууруулах санаачилга гаргасан нь үүнтэй ч холбоотой. Мөн тус нам Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа 20 гаруй улс төрийн намаас санал авахад цөөнх болсон ганц заалт нь энэ байв. Одоо харин тэдэнд нэг айдас байгаа нь нийслэлд дахиад ялагдвал яах вэ гэдэг л болгоомжлол юм.

Учир нь нийслэлийн сонгогчид АН-ынханд элэгтэй, 2012 оны УИХ-ын сонгуульд олуулаа болох боломжийг олгоход гол үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн эрх баригч хүчин Улаанбаатар хотод засаглалаа тогтоосон өнгөрч буй гурван жилийн хугацаанд хийсэн ажил олон. Тиймээс энэ хувилбар эрх баригч хүчинд хамгийн ашигтай л тусна. Нөгөө талдаа нийслэлийн хүн амын тоог харгалзан мандатын тоог нэмэх санаачилга гаргасан нь бас үндэслэлтэй. Дундговийн 40 мянган иргэнийг төлөөлөөд парламентад нэг гишүүн сууж байгаа бол Баянзүрх дүүргийн 240 мянган иргэнийг хоёр гишүүн төлөөлж буй. Энэ тохиолдолд нийслэлийн мандатын тоог нэмэх санаачилгыг сөрөг хүчин сөрвөл тэнэг л харагдана.

Гэхдээ АН, МАН-ын эрх ашиг Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, нийслэлийн мандатын тоог нэмэх дээр нэгджээ гэж хэлж болохуйц байгаа юм. Учир нь шинэ оны өмнө УИХ-аар Сонгуулийн хуулийг хэлэлцэх үед МАН-ынхан орон нутгийн мандатын тоог бууруулахын эсрэг зогсож, жагсаалтын 28-ыг нийслэлд өгье гэх санаачилга гаргаж байсан удаатай.

Дээр нь энэ парламент сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг хуульд тусгаж ирсэн жишгээ эвдэн, орхигдуулсан нь санамсаргүй гэхээсээ санаатай үйлдэл болох нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачилснаас харж болохоор байгаа юм. Ийм заалт Сонгуулийн хуульд тусаагүй учраас сонгууль болохоос нэг сарын өмнө ч Сонгуулийн хуулиа өөрчлөх эрх УИХ-д нээлттэй болсон. Одоо харин Ш.Түвдэндорж гишүүн хэзээ хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулган зарлах вэ гэдгийг хүлээх л болж байна.

Жижгүүдээ жийхээр эрх ашгаа нэгтгэсэн АН, МАН хоёрыг парламентад суудалгүй намууд хэчнээн эсэргүүцээд нэмэргүй.

Гэхдээ Сонгуулийн хуулиараа их оролдох нь бас халгаатай.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна