Х.Клинтон 5, Д.Трамп 4 мужид ялав

2016 оны 3 сарын 2

 

АНУ-ын супер мягмар гариг буюу ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгааны шийдвэрлэх өдөр  Ардчилсан намын нэр дэвшигч Хилари Клинтон таван мужид ялалт авсан бол Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп дөрвөн мужид ялалт байгуулаад байна. Харин Х.Клинтоны намын нөхөр Берни Сандерс төрөлх Вермонт муждаа хамгийн олон санал авч тэргүүлж байна. Супер Мягмар гариг гэдэг нь сонгуулийн бас нэг чухал шат бөгөөд хэд хэдэн мужид зэрэг болдог санал хураалт юм. Ердийнхөөр супер Мягмар гариг нэг сонгуулийн үеэр хэд хэдэн удаа болно.

 

Энэ жилийн сонгуулийн анхан шатны санал хураалт хоёрдугаар сарын 1-нд Айова-д, хоёрдугаар сарын 9-нд Нью-Гэмпширт болсон байна. Гуравдугаар сарын 1-нд анхны супер мягмар гариг 15 мужид болсон юм. Үлдсэн мужууд зургадугаар сарын сүүлч гэхэд санал хураалтаа явуулсан байх ёстой.

 

Х.Клинтон, Д.Трамп нар сонгуулийн өмнөх сунгаагаар намын бусад нэр дэвшигчдийг хол хаяжээ.  Америкийн 12 мужид сунгаа явуулсан байна.

 

Хилари Клинто Арканзас, Алабама, Теннеси, Жоржиа, Виржиниа мужид ялалт байгуулсан бол Доналд Трамп Алабама, Масачусетс, Теннеси, Жоржиа мужид ялсан байна. Бүгд найрамдах намын нэр дэвшигч, тэрбумтан, реалити телевизийн од Доналд Трамп алан хядлага, дүрвэгсдийн хямрал, эдийн засгийн тодорхойгүй тогтворгүй байдал зэргээс болж Вашингтоны эрх баригчдад итгэл алдсан олныг өөртөө татаж, сонгуулийн өмнөх дөрвөн сунгаанаас гуравт нь ялалт байгуулан, намынхаа улс төрийн байр суурийг бэхжүүллээ.

 

Д.Трамп бүдүүлэг үг яриатай ч “Америкийг дахин мандуулна” гэсэн амлалт нь түүнийг сунгаанд ялалт байгуулахад нөлөөлсөн бололтой. Харин Д.Трампт бүх саналыг алдахаас айсан намын бусад нэр дэвшигчид санал хураалт болохын өмнө түүний зан авир, бүдүүлэг үг яриаг нь шүүмжилсэн үг чулуудаж эхэлсэн юм.

 

Ардчилсан намын нэр дэвшигч Х.Клинтон нэг намаас нэр дэвшигч, сенатор Берни Сандерсаас хүчтэй өрсөлдөгч гэдгээ нотолсон. Д.Трамттай адил Х.Клинтон эхний дөрвөн сунгаанаас гуравт нь ялалт байгуулаад байгаа билээ. Мөн сонгуулийн дүнд сайнаар нөлөөлдөг гэж үздэг Өмнөд Каролинад хар арьст иргэдийн хүчтэй дэмжлэгээр үнэмлэхүй олон санал авч чадсан билээ. Нэр дэвшигчдэд ирэх долдугаар сард болох намын их хуралд төлөөлөгчдийн дэмжлэгийг авах нь хамгийн чухал. Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд нийт 4764 төлөөлөгчийн  2383 хүний дэмжлэгийг авсан байх ёстой. Бүгд найрамдах намын нэр дэвшигч 2472 төлөөлөгчийн 1237 саналыг авах ёстой.

 

Супер мягмар гаригийн сунгаа Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамптай өрсөлдөж буй Техасын сенатор Тед Круз, Флоридагийн сенатор Рубио нарын хувьд шийдвэрлэх шат байв. Сүүлийн хэдэн өдөр нэг намаас нэр дэвшигч хоёр сенатор Д.Трампийн эсрэг хорон үгтэй дайралт хийсэн ч хэтэрхий оройтсон юм. Мягмар гаригт Бүгд найрамдахчуудын олон санал авсан зургаан мужийн сонгогчид тус улсын иргэн биш лалын шашинтнуудыг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байх тухай Д.Трампийн санааг дэмжсэн юм.

 

Нөгөө талаар Бүгд найрамдахчууд Барак Обамаг явсны дараа Цагаан ордонд суух төлөвлөгөөг нь Д.Трамп бусниулчхаж мэднэ гэж эмээж байгаа юм. Ардчилсан намын нэр дэвшигч Х.Клинтон Америкийн анхны ерөнхийлөгч хатагтай болохоор нэрээ дэвшүүлснээс хойш Бүгд найрамдахчууд сандарч эхэлсэн бөгөөд Ардчилсан намын сунгаанд түүнийг хол явуулахгүй байхыг чармайж байгаа билээ. Х.Клинтон ч анхаарлаа Берни Сандерсаас Д.Трамп руу шилжүүлсэн.

 

Ардчилагчид ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд 11 муж болон Самао аралд санал хураалт явуулж байгаа бол Бүгд найрамдахчууд 11 мужид санал хурааж байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна