Б.Булган өмгөөлөгчтэйгөө тогтмол уулзахыг хүсчээ

2016 оны 3 сарын 2

Б.Булган: “Үнэн ялна гэдэгт итгэж байна”

Ардчиллын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсноос хойш бараг гурван сар өнгөрч байна. Түүнийг чухам ямар хэргийн улмаас баривчилсан тухай хуулийнхан одоо болтол албан ёсны мэдээлэл, тайлбар өгөөгүй. Тэгвэл өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төв аймаг дахь Урьдчилан хорих ангид очиж Б.Булгантай уулзжээ. Уулзалтын үеэр Б.Булган өмгөөлөгчтэйгөө тогтмол уулзахыг хүссэн байна. Мөн унших ном сонин, сэтгүүл оруулж өгөхийг гуйжээ. Б.Булган нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш өдийг хүртэл өмгөөлөгчтэйгөө уулзаагүй гэдгээ Ж.Батзандан гишүүнд ярьсан байна. Улмаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Б.Булганы өмгөөлүүлэх, өмгөөлөх эрхийг нь хангаж ажиллах шаардлагыг хяналтын прокурорт хүргүүлнэ гэж Ж.Батзандан гишүүн мэдэгдсэн юм.

Ийнхүү Б.Булганы ээж Д.Байгалмаа гуайн хүсэлтээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны төлөөлөл Б.Булгантай очиж уулзсан байна. Б.Булганы зүгээс хоригдож буй нөхцөл байдал хоол, ундны талаар гомдол гаргах зүйлгүй зөвхөн үнэн ялна гэдэгт итгэж сууна гэж ярьсан байна. Мөн тэрбээр өөрөөс нь хуулийнхан мэдүүлэг, тайлбар цөөхөн авсан тухай хэлжээ.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна