Сонгууль болтол солиорчихгүй юмсан

2016 оны 3 сарын 2

Монгол ардын хувьсгалт намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ж.Сүхбаатарын жиргэсэнчлэн МАН, МАХН-ынхан “Эх орончдын өдөр”-өө хөгтэй, хөөртэй тэмдэглэв. Уруул дордсон ч элэг дордоогүй гэдгээ “улаанууд” энэ өдрөөр харуулахыг хичээсэн байх л даа.

Инээд, ханиад болсон “Эх орончдын өдөр”

Н.Энхбаяртай хөөрөг зөрүүлж, зэрэгцэн суугаад инээмсэглэж байгаа М.Энхболд заяаны ханиа олсон залуу шиг жаргалтай харагдана билээ. Алим модноосоо хол унадаггүй гэж энэ шүү дээ.

2012 оны сонгуулийн өмнө хоёр хуваагдсанаас хойш МАН, МАХН-ынхан анх удаа бие бие рүүгээ инээмсэглэн, алгаа ташсан нь содон хийгээд сонирхолтой байлаа. Өчигдрийн сошиал ертөнцөд жиргэсэн жиргээний 90 хувь бараг  МАН,МАХН-ын “төрсөн өдөр”-ийн арга хэмжээний тухай байсан гэж хэлж болно. 

Энэ өдөр Х.Чойбалсан Ю.Цэдэнбал дахин “амилж”, Д.Сүхбаатар орчин үеийн ганнам залуугийн дүрд хувирав. Ерэн жилийн түүхтэй намаас  ийм л "бодлого" гардаг юм байж.

МАН,МАХН-ынхны улс төрийн мэдрэмж нь “0”, харин хошин шогийн мэдрэмж бол үнэн тасархай.  Ялангуяа МАН-аас НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон Л.Амгалангийн мэндчилгээ бүүр “гоё”.  Гагцхүү нийгэмд инээд тарьсан тэрхүү бичлэг намынханд нь “ханиад” болсон уу, ямартай ч  сошиалаар тараагдсан даруйд “устгал” хийхээр оролдсон билээ.

Үнэндээ энэ мэт, элдвийн марзан жүжиглэлтээр дүүрэн, “элэг авсан” хөгтэй, хөөртэй өдрийн гол роль нь байсан “МАН,МАХН” нэгдэх үү гэсэн нөгөө улигт асуулт харин хариултгүй, хэвээрээ үлдлээ.

Н.Энхбаярт найр тавьж, МАН, МАХН-ынхантай зэрэгцэн суугаад Ю.Цэдэнбалынхаа сургамж, хэлсэн үгийг иш татахыг сонссон М.Энхболд МАХН-ын даргаас хүссэн хариултаа авч чадсангүй. Н.Энхбаяр ч энэ мэт хөгтэй, хөөртэй өдрийн арга хэмжээнд уярчих амьтан биш л дээ. Түүний холын шуналыг гүйцээх том амлалт өгч байж л Ардын нам хүссэнээ сонсоно.

Н.Энхбаяр эргээд улс төрд орж ирэх туйлын хүсэлтэй. Түүний туйлын хүслийг гүйцэхэд тус болохоо МАН амлаж, “Шадар сайдад нэр дэвшвэл дэмжинэ” гэдгээ аль хэдийн хэлчихсэн. Гэхдээ амлалт өгөхдөө МАН-ынхан түүний Шадар болох санаархалд АТГ цэг тавина, эрх баригчид Н.Энхбаяртай эвдрэлцэнэ гэж тооцсон ч байх. Тиймээс түүний шуналыг ашиглан АН-ыг ялах, үгүйдээ л олон суудал авахыг МАН тооцоолж байгаа. Харин үүнийхээ дараа Н.Энхбаярт эргээд ашиглуулж магадгүй л юм даа. Н.Энхбаярын тоглолт тооцоог дутуу үнэлж болохгүй.

“Бөөн дурын уран сайханчид”

Урьд нь сайн дурын уран сайханчдаар Монгол хахаж байлаа. Харин өдгөө бөөн дурын уран сайханчид улсаар дүүрэн байна. Улс төр урлагийн тайз, урлагийн тайз улс төрийн тавцан болж хувирчээ. Галзууруулагч хонь жилийн улс төрийн урлаг, уран сайхны арга хэмжээ Муу нүүрт мичин жилийн эхээр оргилдоо хүрэв. Өмнө нь телевизээр дуулж, бүжиглэдэг байсан улстөрчдийн урлагийн мэдрэмж дээд цэгтээ хүрснийг харуулж, сүүлийн үед дүржүүлсэн дуу, бичлэгүүд түмний нүдийг хачирлаж байна.

Хувь улстөрчийн урлагийн, уран сайхны үзүүлбэрүүд бүр намын сурталчилгааны нэгээхэн хэсэг болж хувирсныг өчигдрийн МАН,МАХН-ын зурагт хуудас, жүжигчилсэн үзүүлбэрүүдээс харж болохоор. Сонгууль ойртох тусам намуудаас, улстөрчдөөс ард түмэндээ барих сюрприз улам нэмэгдэх ч биз.

Олон олон сюрприз дунд инээх ч биш, уйлах ч биш хүнд байдалд орсон монголчууд солиорчихгүй шиг сонгуультайгаа золгох шинжтэй. Дуучин Нара, “Аура” төвийн Сарандаваа, Арго яагаад улс төрд орох гээд зүтгээд байгаа нууц тайлагдаж байх шиг. Учир нь улс төр бол урлагийн тайз, УИХ нь уран сайханчдын манеж болчихсон учраас тэр. “Бөхийн өргөө” болон Шаргал ордны дунд ялгарах юм үгүй, яг адилхан  болохоор хэн дуртай нь УИХ-ын гишүүн болно гэж сэрүүнээрээ зүүдлэх нь зөв.

Хариуцлагатай сонгууль

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Н.Энхбаярын уриа нь “Гоё сонгууль болоосой”. Харамсалтай нь түүний хувьд “гоё” сонгууль болж чадаагүй. МАН-даа хаягдсан тэр МАХН-ыг байгуулж, Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр эвлэршгүй дайсан болж байсан нь саяхан. Гэвч Н.Энхбаярын шарх эдгэрсэн эсэхийг нь түүнээс өөр хэн ч мэдэхгүй биз. МАН-ынхан ч Н.Энхбаярыг итгэж уучилсандаа саймшраад буй юм биш. Н.Энхбаяр МАН-аас авсан шархаа нууж, МАН-ынхан Н.Энхбаярыг хөөж явуулсан үеэ мартсан дүр эсгэж байгаа нь хэн, хэн нь эрх мэдлийн төлөөх  эцсийн ганц эрх ашиг дээр нэгдэж байгаа юм.

Тиймээс энэ сонгууль намуудын хувьд ч, улс орны хувьд ч хариуцлагатай сонгууль болох ёстой.  Улстөрч, уран сайханчид дундаас бид  хөгжлийг гацаагчийг биш дэмжигчийг гаргах ёстой. Хэн гоё дуулсан нь биш, хэн илүү мөнгөтэй нь биш, хэн эрлийз хурлийзаар нь айлгаж, ичээдэг нь биш энэ удаад жинхэнэ хариуцлагатай, улс орныхоо эрх ашгийг хувь хүнийхээ эрх ашгаас дээгүүрт тавьдаг хүнээ олж таних хэрэгтэй байна. Тэгэхгүй бол 25 жил “хоосон мөрөөдсөн” мөрөөдлүүд дахиад 4 жилээр үргэлжилнэ гэсэн үг. Тавдугаар цахилгаан станц, төмөр зам, аж үйлдвэрийн парк, нефть боловсруулах үйлдвэр гээд өнгөрсөн 25 жил бид том, том мөрөөдлөө л ярьсаар ирсэн. Үүнийг ажил болгох улстөрч, улс төрийн намыг  дэмжих цаг болсон гэсэн үг. Алийн болгон шуудай нүүрс, кг гурил, хэн нэгний урлаг, уран сайхны тоглолтод итгээд, улс орноороо дампуураад суух вэ?

Зургадугаар сарын 29-нд болох УИХ-ын сонгууль бөөн дурын уран сайханчид өрсөлдөх нь гарцаагүй. Гол нь бөөн дурынхнаас хэнийг сонгох вэ гэдгээ сайн бодоорой.  Саарал ордонд суухыг хүссэн сайн дурынханд эрх олгох эсэх нь та биднээс л шалтгаалдаг шүү дээ. Дараа нь Баянгол дүүрэг С.Эрдэнийн эхнэр хүүхэд, ах дүүгээр дүүрчихлээ гэж  адгах нь  утгагүй. Асуулт нь тэднийг сонгосон нь хэн билээ?

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна