Ойрын хугацаанд гүйцэтгэгчийг шалгаруулна

2016 оны 3 сарын 2

Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг долдугаар сард багтаж шийдвэрлэхээр болсон билээ. Энэ хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг засч, сайжруулах ажилд 8.1 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан. Одоогоор энэ ажил ямар шатандаа яваа, компанийн сонгон шалгаруулалтын явцын талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарахын тулд 10 гаруй технологийг туршсан гэж байсан. Яг аль улсын, ямар технологиудыг туршсан юм бэ?

-Засгийн газраас 8.1 тэрбум төгрөг гаргаж, хуучин цэвэрлэх байгууламжийн хүндрэлийг засахаар ажиллаж байна. Нэн тэргүүнд үнэрийн асуудлыг шийдвэрлэх юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга өнгөрсөн 11 сард захирамж, ажлын хэсэг гаргасан. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжид тулгамдаж буй асуудлыг үндсээр нь судлаад, эхний ээлжид технологи, бүтэц зохион байгуулалтын хувьд яаж ажиллах вэ гэдгийг судлах үүрэг өгсөн. Энэ хүрээнд бид 10 гаруй компанийн технологийг судалж, туршилт хийсэн.

Канадын Кубек мужид хэрэглэдэг үнэргүйжүүлэх химийн бодисын үйлдэл, Японы хөрсний бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг шилдэг компани, мөн БНХАУ, ОХУ-ын компани, Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, ШУТИС-ийн багш нарын бүх л төрлийн технологийг туршиж үзлээ. Үр дүнд нь энэ хүндрэлийг арилгахын тулд хоёр чиглэлээр ажиллах хэрэгтэй гэж үзсэн. Нэгдүгээрт, 15 га газрыг хамарсан хур лагийг боловсруулах, үнэргүйжүүлэх, ариутгах ажил хийнэ. Хоёрдугаарт, өдөр тутам гарч буй лагийг үнэргүйжүүлэх, хатаах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Ингээд тухайн компаниудын хийсэн туршилтад дүгнэлт хийхэд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдсан.

Гол нь хур лагийн чийгшлийг байгалийн аргаар хатаах гэхээр дор хаяж 3-4 жил шаардагдаад байгаа юм. Лагийг хатахыг нь хүлээлгүй, шууд устгахаар шийдвэрлэсэн. Нөгөө талаас шинээр гарч буй лагийг шууд усгүйжүүлнэ. Энгийнээр тайлбарлавал, шавар ус хоёр урсч орж ирэхэд шууд мушгиад уснаас нь салгана. Хуурай байх тусам лаг үнэр багатай байдаг. Тиймээс уснаас шууд мушгиж салгах технологи тавих, мөн лаг өтгөрүүлэгч, усыг цэвэршүүлэх процесс сайжруулах зэрэг барилга байгууламж нэмж барина. Цаашлаад шаардлагатай цахилгааны хүчдэлийг сайжруулах зөвлөмж гаргасан. Ингээд энэ ажлыг гурав дугаар сарын 15-аас долоо дугаар сарын 15-ны хооронд хийх үүргийг Засгийн газраас бидэнд өгсөн.

-Одоогоор аль компанийн технологи хамгийн боломжтой гэж харж байгаа вэ?

-Технологийн хувьд нийтлэг байдаг юм билээ. Үйлдвэрлэлийн хувьд АНУ, Швейцар, БНХАУ, Малайз гэх мэтчилэн улсуудад хийдэг юм байна. Энэ үйлдвэрүүдийн салбар нь БНХАУ, ОХУ-д ойр байрлаж байна. Мэдээж цаг хугацаа богино учраас аль болохоор Хятад, Орос дахь салбар компанитай  хамтарч боломжтой.

-Нэг талаас цэвэрлэх байгууламжид төсөвлөсөн 8.1 тэрбум төгрөгийн төслийг Хятадын компанид шууд өгөх гэж байна гэх мэтчилэн хардлага яваад байна. Үүн дээр та тайлбар өгөөч?

-Хардах эрх хүн бүрт бий. Хятадын ч бай, Оросынх ч бай үр дүн нь л чухал. Нийслэлчүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил байвал аль нь ч ялгаагүй. Гэхдээ Хятадын компанид шууд өгнө гэж яриад байгаа зүйлгүй. Хятадын зарим компани ирж судалгаа шинжилгээ хийгээд өөрсдөө “Танай лаг үнэхээр хэцүү юм. Больё” гэсэн удаа ч бий. Мэдээж бидний хувьд өндөр шаардлага тавьж байгаа.

Жишээ нь АНУ-ын салбар компани Шанхайд байна. Тэгэхээр яах ёстой вэ.

-Канад, Япон, Хятад, Оросын компаниудын аль нь илүү боломжтой гэж урьдчилсан байдлаар хэлэлцэж байгаа бол?

-Энд нэг зүйлийг хэлэхэд монголчууд үртсээр хучна гэх  мэтчилэн домын аргаасаа салах хэрэгтэй. Яг энэ нөхцөлд олон улсын өндөр технологи үнэхээр шаардлагатай байна. Жишээ нь, Японы технологийг авч үзье л дээ. Миний өрөөнд их муухай үнэртэй лаг оруулж ирээд Японы технологид хийсэн. Гэтэл минут ч хүрэхгүй хугацаанд үнэр нь арилж байх жишээтэй. Тэгэхээр бид орчин үеийн технологийн горимыг хойш суулгүй хурдан нэвтрүүлэх хэрэгтэй.  

-10 компанийн технологиос аль нь  байгаль орчинд хамгийн ээлтэй гэж харж байна вэ?

-ОХУ-ын технологийн санал таалагдаж байна. Жишээлбэл, 44 картанд байгаа хур лагийг цэвэрлээд тухайн талбайд жимсний мод тарих нөхцлийг хангаж өгнө гэсэн. Мөн бидний цэвэршүүлсэн усанд загас амьдрах нөхцөл бүрдэнэ гэж амлаад байна. Мөн бидний шийдэж чадахгүй зарим зүйлийг санал болгож байна. Манай лаг хүнд металь ихтэй. Гэтэл ОХУ-аас хүнд металийг салгадаг технологи бий, салгаж болно гэх санал ч тавьсан. Нөгөө талаас Япон, Канад гээд бусад улсад өндөр өртөгтэй байдаг. Гэтэл ОХУ-ын хувьд зардал багатайгаар хийж өгье гэсэн. Гэхдээ энэ асуудлыг би ганцаар шийдвэрлэхгүй учраас ингэж хэллээ гээд ОХУ-ын компанийг сонгоно гэсэн үг биш шүү.

-Технологийн туршилтад дотоодын эрдэмтэн, багш нар бүтээлээрээ оролцсон юм байна. Дотоодын эрдэмтдийн хийсэн технологийг авах боломж хэр байна вэ?

-Дотоодын технологиудын хувьд дандаа бүтээгдэхүүн. Эсвэл ариутгалын бодисууд байна. Түүнээс биш гадны орны томоохон механизмыг Монголд хийж чадахгүй шүү дээ. Механизм, техник, технологийг бид гаднаас авна. Харин дотоодын санал болгож буй үнэргүйжүүлэх төрөл бүрийн бодисыг авна, туршиж үзнэ.

Ер нь дотоодын эрдэмтэн, багш нарынхаа гаргасан зарим бүтээгдэхүүнийг туршиж үзье, худалдаж авч дэмжье гэж ярьж байна.

-Төслийг хэрэгжүүлэх компаниа хэзээний дотор шалгаруулах вэ?

-Ойрын хугацаанд шалгаруулна. Энэ сардаа багтаж шалгаруулах болов уу.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна