Янукович Украинд буцаж очно гэв

2016 оны 3 сарын 2

 

Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович Киевт буцаж очих төлөвлөгөөтэй гэдгийг өмгөөлөгч Виталий Сердюк мэдэгджээ. Виктор Янукович Украины ерөнхийлөгчийн суудлаас хэзээ ч огцроогүй бөгөөд түүнийг хүчээр зайлуулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа гэнэ.

 

Украинд 2014 оны эхээр төрийн эргэлт гарч ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-руу “зугтсан” юм. Тэрбээр Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээг хойшлуулснаас үүдэн Киевт засгийн газрын эсрэг олон хоногийн жагсаал болсон билээ. Украины төрийн эргэлтийн дараа Крым хойг Киевээс салж ОХУ-д нэгдсэн төдийгүй зүүн хязгаарын хоёр мужид салан тусгаарлах бослого тэмцэл гарсан юм.

 

Виктор Януковичийг Орост очсоны дараа өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Украины хүсэлтээр түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байв. Гэхдээ Интерпол Виктор Януковичийг буруутгасан хэрэг нь улс төрийн зорилготой хэмээн үзэж олон улсад эрэн сурвалжлах хүмүүсийн жагсаалтаас хассан аж.  

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TASS NEWS, MOSCOW TIMES

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна