Македонийн хил дээр 30 км урт төмөр хайс барив

2016 оны 3 сарын 2

 

Дайн самуун, хүчирхийллээс зугтан, Европ руу гарах гэсэн дүрвэгсдийн урсгалыг зогсоохоор Грек, Македоны хил дээр 30 км үргэлжлэх өргөст төмөр шинэ хайс барьжээ. Хэдийгээр хилийн шалган нэвтрүүлэх цэгийг саяхан хаасан ч гэсэн Грект дүрвэгсдийн хөл тасрахгүй байгаа билээ. Хилийг хааж, төмөр торон хайс барьснаас одоо Грек, Македоны хил дээр хэдэн арван мянган хүн бөөгнөрч, хилээр гаргах найдлага тавин хүлээж байгаа ажээ. Европын орнууд хилийн хяналтаа чангатгасан хэдий ч он гарснаас хойш 131,000 дүрвэгч хил нэвтэрснийг НҮБ мэдээлжээ.

 

 

Шинээр өргөст төмөр хайс барьсан нь дүрвэгсдийн урсгалыг зогсоох гэсэн Европын холбооны арга ядсан шийдвэр юм. Далай гатлан Грект хөлөг онгоцоор очсон тэдгээр дүрвэгсэд тэндээ түгжигдэх нь тодорхой бөгөөд Европын холбоо Грекээр туг тахихаар шийдсэн нь энэ ажээ.

 

Австри болон Балканы хойгийн орнууд өчигдөр хилийн хатуу хяналтаа зөөлрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.

 

Австрийн Канцлер Вернер Фейман өчигдөр Европт нүүрлээд буй эмх замбараагүй байдалд цэг тавихын тулд дээрх арга хэмжээг авснаа мэдэгдээд цаашид Австри улс Германы хүлээлгийн өрөө шиг байхаа болино гэж хэлсэн байна.

 

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна