ЭМ-ийн салбар “сэхээнд” орсон гэв

2016 оны 3 сарын 2

Эрүүл мэндийн салбар “сэхээнд” орсон хэмээн “Эрүүл монгол клуб”-ээс мэдээллээ. Тэд энэ асуудлыг Эрүүл мэндийн сайдын томилгоо, энэ салбарын бодлоготой холбон тайлбарлалаа. Клубын тэргүүн Б.Бат-Ирээдүйгийн мэдээлж буйгаар эрүүл мэндийн салбарт 2014 оноос уналт ажиглагдаж, иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлт доройтож эхэлсэн гэв. Тэрбээр “2014 онд салбарын сайдаар эрүүл мэндийн асуудал огт мэдэхгүй, мэргэжлийн бус хүнийг томилсон. Одоо бүр сайд ч үгүй байна. Энэ хугацаанд хүн амын дунд халдварт өвчин, гэмтэл, нас баралт, бэлгийн тогтолцооны өвчлөл, зүрх судасны өвчлөлийн үзүүлэлт бүгд доройтсон” гэлээ.

Тэдний хувьд эрүүл мэндийн салбар хэд хэдэн чиглэлд доройтож эхэлсэн гэв.

Салбарын сайдын томилгоо тогтворгүй, мэргэжлийн бус хүний уршгаар халдварт бус өвчлөл хоёр дахин нэмэгдсэн.  Амьсгалын замын өвчин 10 мянган хүнд 1579, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 1133, зүрх судасны өвчлөл 954, гэмтэл, хордлого 567 ногдох болсон хэмээн мэдээллээ.

Түүнчлэн салбарын урт хугацааны бодлогогүй байгаа гэв. Тухайлбал, төсвийн 85 хувийг эрүүл мэндийн салбарт гал “дарах” байдлаар зарцуулж буй нь салбарын бодлогогүйгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байгаагийн илрэл хэмээн тайлбарлалаа.

Тиймээс тэдний зүгээс ойрын хугацаанд салбарын сайдыг мэргэшсэн хүнээр томилохыг шаардаж байгаа юм. Хэрвээ тэдний шаардлагыг биелүүлэхгүй, эрүүл мэндийн салбар энэ чигээр доройтсоор байвал цаашид жагсаал цуглаан зохион байгуулна гэдгийг энэ үеэр дуулгалаа.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна