Холливуудын стандартыг мөрдөх хэрэгтэйг сануулав

2016 оны 3 сарын 2

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр Америкийн кино зураглаачдын холбооны дарга Сол Молина болон Рикардо Стенли нарын уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа.

Тэд манай улсад анх удаа ирж байгаа бөгөөд “Атганд үлдсэн эрдэнэ” киноны нээлтэд уригдан ирсэн байна. “Хувьсал“ продакшны жүжигчин МУГЖ У.Уранчимэгийн бүтээл тус кинонд дээрх уран бүтээлчид зөвлөгөө өгч, хамтран ажиллаж, киноны эцсийн шатны ажлыг Холливуудад хийсэн аж.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа парламентын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, манай улсын кино урлаг болон уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Сол Молина, “Монгол Улсад морин хуураас эхлээд дэлхийд таниулах маш олон үнэт зүйл байна. Ямар ч киног анхнаасаа зөв хийж чадвал түүний урт, богино, мөнгө их орсон эсэхээс үл хамаарч амжилтад хүрдэг. Хэрэв Холливуудад гаргах сонирхолтой байгаа бол хамгийн гол нь стандартыг нь мөрдөх хэрэгтэй. Тэгж чадвал таван минутын кино ч дээд амжилт тогтоох боломжтой. Дэлхийн аль ч улсын уран бүтээлчид анхнаасаа Холливуудын стандартыг мөрдөж хийдэггүйн улмаас том алдаа гаргадаг. Монголын уул ус, байгаль үнэхээр сайхан, мөн уран бүтээлчид нь чадвартай. Тиймээс боломж их бий” гэсэн юм. Мөн тэрээр Монгол Улсад ирж, амжилттай ажиллаж байгаа нь залуу уран бүтээлч Д.Ангараг, Э.Сант-Амарын хичээл зүтгэл их байгаа. Монгол Улсаа дэлхийд сурталчлан таниулах зорилготой залуучуудтай хамтран ажиллахад таатай байдаг гэлээ. 

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна