Хүүхдийн тэтгэмж өгөх шийдвэрийн 85 хувь нь хэрэгждэггүй

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Хүүхдийн тэтгэмж өгөх шийдвэрийн 85 хувь нь хэрэгждэггүй

Өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд  боллоо.

Сүүлийн 3 жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувь ажээ. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэгвэл тэдний 80 гаруй хувь нь 5 хүртэл насны хүүхэдтэй аж. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг. Түүнчлэн өрх толгойлсон болон ганц бие хүүхэдтэй эцэг, эх, тэдний хүүхдүүдэд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэл зүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байдаг байна.   Иймээс өрх толгойлсон ганц бие ээжүүдийн амьжиргааг дэмжиж ядууралд орохоос урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг  хамгаалах зорилгоор УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Д.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар дээрх хуулийн төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлснийг Д.Оюунхорол гишүүн тодотголоо.

Өрх толгойлсон эхчүүдэд тулгамдсан олон асуудал байна. Тухайлбал, гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоох зохицуулалт байдаг ч энэ талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт 10-15 хувьтай байдаг аж. Нэг үгээр  хэлбэл, салсан гэр бүлүүдийн 85 хувь нь хүүхдийн тэтгэлгээ авч чаддаггүй байна. Энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын албаны дарга, дэд хурандаа Б.Батболд бодит тоо баримт хэлсэн юм. Түүний ярьснаар, улсын хэмжээнд жилд дунджаар 2000-3000 гэр бүлээ цуцлуулсан шүүхийн шийдвэр ирдэг бол нийслэлийн хэмжээнд энэ тоо 2000 гаруй байдаг гэнэ. Гэр бүлийн тухай хуулиар хүүхдэд олгох тэтгэлгийг 0-11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний  50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус олгож байхаар заажээ.

Хэдийгээр хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж өгөх шүүхийн шийдвэр гардаг ч одоогийн байдлаар:

  • Тогтмол төлөгдөж байгаа 5648 шүүхийн шийдвэр

  • Тогтмол тэтгэлгээ авч байгаа 5745 хүүхэд

  • Хуримтлал үүссэн 4741 шүүхийн шийдвэр

  • Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 жил болсон 914 шүүхийн шийдвэр

  • Төлбөрийн чадваргүй 2208 тэтгэлэг төлөгч

  • Оршин суугаа хаяг тодорхойгүй 1548 тэтгэлэг төлөгч

  • Хорих ял эдэлж байгаа 71 тэтгэлэг төлөгч

  • Бусад шалтгаантай 5069

Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт амьдралд бодитой хэрэгжихгүй байгааг энэ тоо харуулж буй юм байна. Энэ нь ганц, бие эцэг, эхчүүдийн олонхыг эзэлж буй ээжүүдийн хувьд үр хүүхдээ өсгөх хүнд ачааг ганцаараа үүрдэг гэж тодорхойлж болох нь.

Тэгвэл Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд ямар дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг тодруулъя.

Үүнд: 

Өрхийн орлогыг дэмжих чиглэлээр: 

  • Өрхийн аж ахуй эрхлэхэд нь техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

  • Жижиг, дунд бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй  зээл олгох;

  • Өрх толгойлсон ганц бие эх, эцэг ажлын байртай болоход ажлын байрны мэдээлэл-зуучлалын дэмжлэг үзүүлэх;

Амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангах чиглэлээр:

  • Төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх;

  • Харьяаллын дагуу цэцэрлэг сургуульд нэн тэргүүнд хамруулах

  • Хүүхэд нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сурах бичгийг хичээлийн жилд нэг удаа төрөөс үнэ төлбөргүй олгох

Боловсролын талаар үзүүлэх дэмжлэг: 

  • Хүүхэд гадаад, дотоодын их, дээд  сургууль,  мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцахад нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх буюу хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх;  /Хүний хөгжил сангаас оюутнуудад олгож байсан сургалтын төлбөрийн жишиг-500000 төгрөгөөр тооцов./

  • Шаардлагатай гэж үзвэл эх, эцгийг мэргэжил олгох сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах;

Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ: 

  • Шаардлагатай бол хүүхэд, эх, эцгийг  сэтгэл зүйн нөхөн сэргээх сургалтад хамруулах;

  • Хүүхэд болон эх, эцэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах;

  • 2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт  өрх /сум, баг, хороо/-ийн эмчийн бичсэн жороор эмийн сангаас худалдан авсан эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлнө.

  • Бага насны хүүхдийн хүмүүжил, өсөлт хөгжилт, эх, эцгийн эрх үүрэгтэй холбогдсон сургалтад хамруулах;

  • Нэмэгдэл хоол тэжээл, амин дэм, шаардлагатай хүүхэд, эх, эцэгт  хөнгөлөлттэй нөхцлөөр хоол хүнс, амин дэм олгох;

  • 2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхдийг өрхийн эмчийн тодорхойлолтоор рашаан, сувилалд явж эмчлүүлсэн бол эрхийн бичгийн үнийн 50 хувь, ирэх, очих унааны нэг талын зардлыг нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох зэрэг хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзжээ.

Ганц бие, эцэг эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламжийн тухайд хүүхэд асрах чөлөөтэй, эсхүл гурав хүртэл насны, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 192 000 мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар тусгаад байна. Мөн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтөд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх  буюу ойролцоогоор 96 000 төгрөгийн мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил, сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгохоор тусгаад байна.  Хэлэлцүүлэгт оролцсон “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ны гишүүн Б.Даваасүрэн “Халамжийн тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхчүүдэд зориулсан ганцхан заалт байдаг. Тэр заалт нь гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг, эхэд жилд нэг удаа 120 мянган төгрөг өгөх заалт. Гэхдээ том  хүүхэд нь 14 нас хүрчихвэл тэр заалт үйлчлэхгүй. Өөрөөр хөгжлийн бэрхшээлтэй бидэнд зориулсан ямар нэг заалт байхгүй. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй ганц бие эцэг,эхэд зориулсан заалт нэмж өгөхийг хүсч байна. Энд эрүүл атлаа өрх толгойлсон ээжүүд нулимсаа дуслуулан ярьж байхад бид энэ байтугай дуугарах ёстой гэж бодож байна” гэсэн юм.

Б.Даваасүрэн 18 нас хүрч байгаа нэг хүүхэдтэй аж. 10 жилийн өмнө нөхөр нь хаяж явснаас хойш ганцаараа хүүхдээ өсгөжээ. Хүүхдээ хими, биологийн чиглэлээр гурван жил бэлтгэсэн, цаашдаа гадаадад сургуульд сургах хүсэлтэй аж. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг сарын 126 мянган төгрөгнөөс өөр орлогогүй учраас хүүхдийнхээ сайн сайхны төлөөх бодол нь зөвхөн мөрөөдөл болж үлдэх вий гэдгээс айдаг байна.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, "Тэргэнцэртэй иргэдийн холбоо", "Ээж бүхний дуу хоолой" ТББ, "Өрх толгойлсон ээжүүд" ТББ, Монголын эрэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж