Тайвань Далай ламыг хүлээж авах уу?

2016 оны 3 сарын 2

Цай Ингвен Далай ламын хамт

 

Бурхны шашны тэргүүн XIV Далай лам Тайванийн аралд айлчлахаар төлөвлөсөн нь шинэ ерөнхийлөгч Цай Ингвений өмнө хүндхэн сонголт тулгаж байна. Цай Ингвен Далай ламыг аралд хүлээн авах эсэхээс түүний Хятадтай харилцах дипломат бодлогын чиглэл харагдана. Далай лам Тайваньд ирэх аравдугаар сард  аралд айлчлахаар төлөвлөж байгаа аж.

 

Хятадтай эдийн засгийн ойр харилцаа холбоог эрхэмлэдэг экс ерөнхийлөгч Ма Юн Жи Далай ламыг Тайваньд ирэхийг хэд хэдэн удаа хориглож байжээ. Далай лам хамгийн сүүлд 2009 онд Тайванийн аралд хөл тавьж байсан юм. Тухайн үед Ма Юн Жи Далай ламтай уулзахаас татгалзаж байжээ.

 

Тайванийг Хятадаас хараат бусаар оршин тогтнохын төлөө үзэл санаатай Ардчилсан дэвшилт намын (DPP) дарга Цай Ингвен өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм. Сонгуулийн дараа Бээжин Тайвань албан ёсны тусгаар тогтнолын төлөө алхам хийвэл Хятад улс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаална гэдгийг анхааруулжээ.

 

Тайвань нь Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанаас үүдэн Бээжинтэй таарамжгүй харилцаатай байгаа энэ үед Далай ламын айлчлал гал дээр тос нэмсэн хэрэг болно гэдгийг ажиглагчид хэлж байна.

 

Нобелийн энх тайвны шагналт Далай ламыг Бээжинг эсэргүүцсэн Түвдийн лам нарын тэмцлээс үүдэн Хятадын засгийн газраас “салан тусгаарлагч” хэмээн буруутгах болсон юм. Бээжингийн эсрэг тэмцэлд Түвд ялагдал хүлээснээр Далай лам 1959 онд Энэтхэг рүү зугтан гарсан билээ.

 

1949 оны дайнаас хойш  экс ерөнхийлөгч Ма Юн Жийн үед Бээжин, Тайванийн харилцаа нэлээд дотноссон юм. Хоёр талын төрийн тэргүүнүүд өнгөрсөн арваннэгдүгээр сард анх удаа түүхэн уулзалт хийсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна