Түвд лам зулын гол болж эсэргүүцлээ илэрхийлэв

2016 оны 3 сарын 2

 

Хятадын дарангуйллыг эсэргүүцсэн түвд лам өөрийгөө шатааж амьдаараа зулын гол болжээ. Энэ нь 2016 он гарснаар анхны тохиолдол болж байна. Түвдийн өөртөө засах орны Сычуань мужийн Даву Гарзе гацаанд орших “Рецоха” хийдийн ойролцоо даваа гаригт /II.29/ Галсан Ванду гэгч лам өөрийгөө шатаан амьдаараа зулын гол болсон тухай Чөлөөт Ази радио мэдээлжээ. Тэрбээр Түвдийн тусгаар тогтнолын төлөө өөрийгөө шатаасан байна. Түүнийг Ченду хотын эмнэлэгт хүргэх замд нас баржээ.

 

Үүний зэрэгцээ Энэтхэгт амьдардаг 16 настай түвд хүү өөрийгөө шатааж Бээжингийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Азаар хүү яаралтай эмнэлгийн тусламж авснаар амьд үлджээ.

 

Бээжингээс чөлөөлөгдөхийг хүссэн Түвдийн лам нар өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлж, олон улсын анхаарлыг татахыг хичээдэг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Түвдийн 114 лам өөрийгөө шатаасан байна. Бээжингийн зүгээс Түвд лам нарыг өөрийгөө шатаахад бурхны шашны тэргүүн Далай ламыг өдөөн хатгадаг хэмээн буруутгаж хурцаар шүүмжилдэг. Далай лам Бээжингийн эсрэг тэмцэлд Түвд орон ялагдсанаар Энэтхэг рүү дүрвэн амьдарч байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна