“Биеийн тамир спортын хөгжил” сэдэвт ОУ-ын сургалт боллоо

2016 оны 3 сарын 2

ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи, Монголын хөнгөн атлетикийн холбооноос хамтран “Биеийн тамир спортын хөгжил ” сэдэвт олон улсын сургалт семинарыг зохион байгууллаа.

Тус семинарын зорилго нь биеийн тамир, спортын удирдах албан ажилтан, багш дасгалжуулагч, ЕБС-ийн биеийн тамирын багш нарт орчин үеийн биеийн тамир спортын хөгжлийн чиг хандлага, өндөр зэрэгтэй тамирчид ба тэдний залгамж халааг бэлтгэх ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай бодит нөхцлүүдийг шийдвэрлэхэд арга зам, иүйл ажиллагааны хэлбэрүүдийн талаар цогц мэдлэг, арга туршлагыг олгоход оршино.

Энэ чухал ач холбогдолтой семинарыг ОХУ-ын Үндэсний олимпийн хорооны Олимпийн наадамд бэлтгэх “Дүн шинжилгээ, шинэчлэл” төвийн дарга доктор профессор, ОХУ-ын биеийн тамирын гавъяат зүтгэлтэн В.П.Черкашин, БНХАУ-ын бээжин хотын Спортын сургуулийн профессор, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны бээжин дэх хөгжлийн төвийн орлогч захирал Жанг Инг Бо болон манай манай улсын эрдэмтэн , багш нар удирдан явуулсан.

Сургалт семинарын үер тавигдах илтгэл, лекцүүд нь гадаад орнуудын биеийн тамир, спортын хөгжил, их спорт, нийтийн биеийн тамир, спортын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, “RIO-2016” олимпийн наадмын бэлтгэл ажилтай холбоотой олон асуудлыг хамарч байгаараа онцлогтой болсон.

Бага хуралд гадаадын зургаан орны зочин, судлаач, эрдэмтэд, дотоодын биеийн тамир-спортын чиглэлийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан залуус оролцлоо.

Нийтдээ 150 гаруй илтгэлийг эрдэмтэн-судлаачид, ЕБС-ийн биеийн тамирын багш-оюутнууд гэсэн хоёр хэсэгт хуваан хэлэлцүүлж шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан юм.

А секторд:

1-р байрыг “Аварга” ДС-ийн багш, доктор, дэд проф Б.Адъяахүү “Биеийн тамирын сургуулиудын үндэсний бөхөөр суралцагчдын амжилтыг цогц арга зүйгээр ахиулах боломж”,

2-р байрыг БЗД-ийн БТСХорооны мэргэжилтэн Г.Ууганжаргал "Ерөнхий боловсролын сургуулиудын багшийн цагийн менежментэд хийсэн дүн шинжилгээ"

3-р байрыг БТСХТ, БТСЭШСХ-ийн мэргэжилтэн Ш.Долгор багш "Үндэсний шигшээ багийн тамирчдын анхаарлын суурь судалгаа" сэдэвт илтгэлээрээ тус тус байр эзэллээ.

В секторд:

1-р байрыг 63-р сургуулийн багш Б.Ганболд "Тусгай хэрэгцээт боловсрол олгодог сургуулийн эрүүл мэнд, биеийн тамирын хичээлийн тулгамдаж байгаа асуудал ",

2-р байрыг ҮБТДС-ийн оюутан Д.Намжил "Биеийн тамир спортын тулгамдаж буй асуудлыг судалсан нь",

3-р байрыг "Аварга" ДС-ийн оюутан С.Мөнхзаяа "Донор" сэдэвт бүтээлүүдээрээ шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан.

Дашрамд сонирхуулахад энэ онд Монгол Улсын анхны 4 спорт хорооны 70 жилийн ой тохиож байгаа юм байна. 1946 оны 2-р сарын 2-ны өдөр Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар албан яамдыг түшиглүүлэн спортын сайн дурын анхны нийгэмлэгүүд байгуулсаны нэг нь “Ард” спорт нийгэмлэг. Тус нийгэмлэг нь 1951 онд биеийн тамирын “ Хоршоолол” нийгэмлэг болж улмаар 1972 онд Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо, 1994 онд Биеийн тамир, спортын сургалтын төв, 2003 оноос Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу Биеийн тамир, спортын хороо болж түүхт 70 жилийн ойтойгоо золгож байна.

БТСГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна