Т.Батчимэг: Улсын аваргадаа тав түрүүлэх зорилготой

2016 оны 3 сарын 2

Шатрын их мастер Т.Батчимэг хэсэг хугацаанд спортоосоо завсарласны эцэст эргэн иржээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Завхан аймагт болсон шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд бусад өрсөлдөгчөөс 2.5 онооны илүүгээр түрүүлсэн юм. Улсын хошой аварга болсон ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Мончесс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Батчимэгтэй цөөн хором ярилцлаа.

-Юун түрүүнд баяр хүргэе. Орон нутагт болсон тэмцээний сонин сайхнаас хуваалцаач?

-Баярлалаа. Хэсэг хугацаанд спортоос завсарлага авч хувийн амьдралдаа анхаарал хандуулсан. Бас бүл нэмлээ. Тэгээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон рапид тоглолтын улсын аваргад түрүүлснээс хойш эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн. Бэлтгэлийн үр дүнд улсын аваргадаа хоёр дахиа түрүүллээ. 2011 онд түрүүлснээс хойш таван жил улсын аваргад оролцоогүй. Хэдийгээр спортоо орхисон ч гэртээ боломжоороо бэлтгэлээ хийж байсан учраас форм сайтай байлаа. Өөрөөсөө бага рейтингтэй шатарчидтай тоглосон ч гэлээ чансаагаа 11 функтээр өсгөж, анх удаа 2400-гаас дээш гарлаа. Энэ дашрамд, намайг үргэлж дэмжиж байдаг ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, 441 дүгээр ангийн хамт олондоо баярлалаа. Мөн энэ амжилтыг гаргахад хамгийн их тусалсан “Мончесс” клубийн эрхлэгч Ц.Батсайхандаа багшдаа баярласнаа илэрхийлье. Намайг өдий болтол дасгалжуулж, алдаа оноог минь чиглүүлж өгсөн.

-Тэмцээний онцлог байв. Зохион байгуулалт хэр байсан бэ?

-Шатрын спорт өндөр хөгжсөн Завхан аймагт болсноороо онцлог байлаа. Нийслэлээс 1000 гаруй км-ийн цаана боллоо. Зохион байгуулалт маш сайн байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Тэмцээн нэлээд шахуу хуваарьтай болсон. Энэ жилийн тэмцээний гол онцлог нь Бүх ард түмний спартакиадтай давхацсан явдал байсан. Байгууллагын дүнгээр “Сүлд” спорт хороогоо түрүүлүүлж чадсандаа баяртай байна. Шатрыг үзэгчгүй спорт гэж ярьдаг. Тэгвэл Завханд маш олон хүн мэргэжлийн тайлбартайгаар хүлээн авч үзсэн. Сайхан энергитэй, гоё газар очиж тоглоод түрүүлсэндээ билэгшээж байгаа.  

-Хошой аварга болох үед ямар мэдрэмж төрөв?

-Улсын аваргад түрүүлэхэд хамгийн сайхан мэдрэмж төрдөг юм байна. Бусад тэмцээнд түрүүлэхээс ч илүү. Хоёр дахь удаагаа түрүүлэхэд арай өөр мэдрэмж төрсөн. Дор хаяж таван удаа түрүүлэх зорилт тавьсан. Энэ жил Бүх ард түмний спартакиад хамт болсон. Тэр утгаараа би анх удаа спартакиадын аварга боллоо гэсэн үг.

-Таны амьдралд бас багагүй өөрчлөлт оржээ. Бүл нэмээд л...?

-Тэгэлгүй яах вэ. Хувийн амьдрал нэлээд өөрчлөгдсөн. Хүн болгон эх болдог жамаар хүүхэдтэй боллоо. Мөн цол нэмж ахмад болсон. Эх хүн болох үнэхээр сайхан байсан. Бид тамирчин учраас олимпоос олимпийн хооронд хувийн амьдралаа зохицуулах ёстой. Тиймээс Тромсогийн олимпиадын дараа хүүхэдтэй болсон. Манай эмэгтэйчүүд хүүхэдтэй болсныхоо дараа амжилт нь улам ахидаг. Миний хувьд ч гэсэн тэгэх болов уу гэж найдаж байна. Миний хүү надад аз, од авчирсан. Жирэмсэн байхдаа би эрэгтэй их мастерын анхны нормоо биелүүлсэн. Хүүгийн маань аз хийморь намайг үргэлж дагаж байгаа байх.

-2016 оны төлөвлөгөөг тань сонирхож болох уу?

-Нэлээд завгүй байх болов уу. Удахгүй Буриадын Улаан-Үд хотод болох “Сагаалган-2016” тэмцээнд оролцоно. Дараа нь монгол туургатны шатрын тэмцээнд өөрийгөө сорих төлөвлөгөөтэй. Түүний дараа багийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа. Эцэст нь энэ жилийн хамгийн том тэмцээн болох шатрын олимпиад Азербайжаны Баку хотод болно. Хоёр жилд нэг удаа болдог шатарчдын олимпод амжилтаа ахиулах нь манай багийн гол зорилго юм. 2012 болон 2014 онд нэлээд өндөр амжилт үзүүлсэн. Энэ жил миний хувьд ширээндээ медаль авах зорилготой. Багаараа эхний 10-т орох зорилт тавьсан. Үүний төлөө бүх хүчээ дайчилна даа. Хамгийн том зорилго бол эрэгтэй их мастерын үлдсэн хоёр нормоо биелүүлэх. Гэхдээ энэ маш хэцүү. Ямар ч байсан биелүүлэхийн төлөө шаргуу хөдөрмөрлөнө.

Жич: Ирэх есдүгээр сард Бакуд болох олимпиадад оролцох эрэгтэй багийг улсын аваргад эхний таван байрт шалгарсан шатарчдаар бүрдүүлнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд ирэх тавдугаар сард сорилго тэмцээн зохион байгуулах бололтой. Үүнд дөрвөн их мастераас гадна улсын аваргад амжилтаараа эхний тавд шалгарсан тамирчдыг оролцуулан 7-8 шатарчны дунд сорилго тэмцээн явуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

Б.МӨНХЗУЛ

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна