Хурандаа цолтнууд түүхт ойгоо тэмдэглэж байна

2016 оны 3 сарын 2

Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй. Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдаас хурандаа цолыг анхлан 1936 онд, цагдаагийн алба хаагчид хурандаа цолыг 1950 оноос, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хурандаа цолыг 1964 оноос, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хурандаа цолыг 1971 оноос эхлэн олгож эхэлсэн байдаг юм. Түүхт ойгоо Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага, тахарын албаны хурандаа нар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

 

"Монгол хурандаа" нийгэмлэгээс зохион байгуулсан хурандаа цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр нарын цагдаа, онцгой, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын удирдах албан тушаалтнууд болоод хурандаа цолтнууд оролцов. Тэд Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн ЦДБЭЧ-ын Соёлын төвд баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхсон юм. Баярын хурлыг нээж "Монгол хурандаа" нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ч.Баатар нийгэмлэгийнхээ зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлууд цаашид хийхээр төлөвлөж буй санал санаачлагаа онцлон илэрхийлсэн. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хурандаа нарт хандаж "Эрхэм хүндэт хурандаа нартаа Монгол Улсад хурандаа цол үүссэний түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хурандаа цолтнууд бол салбар бүртээ манлайлагч болж ирсэн арвин их туршлага, чадвартай боловсон хүчин байдаг. Өнөөдөр дэлхий дахин монгол цэргийн авхаалж, самбаа, ур чадвар, үүрэгтэй үнэнч, эрэлхэг чанарыг  бахдан, үлгэр дуурайлаа болгож байгааг та бид мэднэ. Монгол цэрэг, дайчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж , улс орныхоо нэрийг өндөрт өргөж явааг  бахархахгүй байхын аргагүй. Энэ бүхний ард манай хурандаа нарын удирдлага, ур ухаан, хүч хөдөлмөр байдаг. Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн төрийн цэргийн "Хурандаа" цолтнуудын гавьяаг алдаршуулах зорилгоор  Монгол Улсад Хурандаа цол бий болсон энэ өдрийг "Монгол Хурандаа"-гийн өдөр болохоор Батлан хамгаалахын сайдын тушаал гарсныг баяртайгаар уламжлахад таатай байна. Төрийн цэргийн байгууллагуудын хурандаа нарын өдөр гэж ойлгож болно. Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа эрхэм хурандаа нартаа эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм. Үүний дараа идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа хурандаа нарыг Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд салбарынхаа шагналаар шагнаж урамшуулсан юм. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болоод чөлөөнд гарсан хурандаа цолтнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монгол хурандаа” нийгэмлэг 2005 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж байжээ. Цаг үеийн байдал, хурандаа нарын хүсэлтээр тус нийгэмлэг нь шинэчлэн зохион байгуулагдаж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар чуулга уулзалтаа хийж салбар зөвлөл, бүлэг, хэсэг, клубын системээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тус нийгэмлэг хурандаа цолтнуудын эрх ашгийг илэрхийлсэн, аливаа улс төрийн нам, эвсэл холбооноос ангид, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, сайн дурын эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага юм. Түүнээс гадна ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийнхээ ажлын дадлага туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадвар, дайчин уламжлалыг нь залуу хойч үеийнхэнд өвлүүлэх зорилготой байна.

 

 

Хурандаа нараас Монгол Улсын анхны баатар Ш.Гонгор, Агаарын зоригт баатар Д.Дэмбэрэл, Улсын Гарамгай баатар Л. Дандар, Улсын баатар Д. Нянтайсүрэн, П. Чогдон,  П.Шагдарсүрэн нарын Улсын баатар хурандаа  зургаан баатар төрсөн түүхтэй. Түүнчлэн ШУ-ны доктор /ScD/, профессор  10, Доктор /PhD/, профессор   33, Доктор /PhD/74, Профессор цолтон  34   тус тус байдаг байна. Нэг гэр бүлээс хурандаа цолтнууд төрсөн ч олон ажээ. Насаараа эх орны батлан хамгаалах, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн аав хүү хоёр хурандаа гэхэд 22 байдаг гэнэ.

 

Тухайлбал, хурандаа Д.Дашзэвэг - хурандаа Д.Сандагдорж

хурандаа Ванчинсүрэн  --  хурандаа В.Бат-Эрдэнэ

хурандаа Цагаач – хурандаа Ц.Энхбат

хурандаа Дорж – хурандаа Д.Сайнболд

хурандаа Сануйдагва  -- хурандаа С.Ганболд

хурандаа Ч.Дашживаа  --  хурандаа Д.Ариунболд

хурандаа З.Зулаа  --  хурандаа З.Эрдэнэбат

хурандаа Д.Пүрэвсүрэн  --  хурандаа П.Жаргалан

хурандаа Л.Доржсүрэн  --  хурандаа Д.Өлзийбаяр

хурандаа  Б.Шамбалжамц  --  хурандаа Ш.Амарбаясгалан

хурандаа С.Ишдорж  -- хурандаа И.Пүрэвцогт

хурандаа  Осор  -- хурандаа О.Бямбаа

хурандаа Эрдэнээ  --  цагдаагийн хурандаа Э.Баярсайхан

хурандаа Т.Лхамжав  --  цагдаагийн хурандаа Л.Батбаяр

цагдаагийн хурандаа А.Давааням  --  цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал

цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээ  --  цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд нар ажээ.

 

Өнөөдөр хурандаа цолтой 3000 гаруй алба хаагч байгаа гэх тойм судалгаа байдаг ажээ.