Цасан болон шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуурга шуурна

Өнөөдрөөс эхлэн тэнгэр хангай эвгүйрхэж, цаг агаарын гамшигт үзэгдэл болж магадгүй талаарх таагүй мэдээлэл гарчээ. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 2 болон маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар, гуравдугаар сарын 4-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.  Шуурганы улмаас  зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Иргэд цасан шуурганы үеэр хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон  анхаарууллаа. Мөн хүчтэй салхи шуурганы үеэр авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто замын хэсэгт үүссэн халтиргаа, гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авч ажиллана.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон бөгөөд 18 аймгийн 98 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 113 сум “Цагаанаар зудархуу” зэрэглэлд хүрээд байна. Тиймээс малчид, мал бүхий иргэд цаг аагрын мэдээллийг цаг тухайд нь сонсож, ажил амьдралаа зохицуулахыг онцгойлон сануулав. Малчдын хувьд малын бэлчээрт онцгой анхаарч, малыг ойрын бэлчээрт, нөмөр, нөөлөг газар бараадуулах, их салхи шуурганаас урьтаж хаших, салхи шуурганы үед өвс, тэжээл өгч бэлчээрт гаргахгүй байхыг зөвлөлөө.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж