Түрээсийн байрыг хувьд шилжүүлэхгүй

2016 оны 3 сарын 2

Сэтгүүлч:
Улаанбаатар

Төрийн орон сууцын корпораци /ТОСК/ түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн орон даяар нэгэн зэрэг ажлын тав хоногийн хугацаанд бүртгэхээ мэдэгдсэн. Иргэдийг бүртгэж дууссаны дараа цэцэрлэгийн хүүхэд бүртгэж авдгийн адилаар бүртгүүлсэн нийт иргэдийн дунд сугалаа явуулж, түрээсийн орон сууцад орох иргэдийг сонгох юм байна. Түрээсийн орон сууцын төлбөрийн нөхцөл нь түрээслэгч иргэн эхлээд заавал эрсдэлийг тооцсон гурван сарын барьцааг төлж, цаашид сар сард нь байрныхаа түрээсийн мөнгийг өгөөд явж болно.  Түрээслэгч иргэний төлөх сар сарын төлбөр орон сууцын урьдчилгаа төлбөр болж, тухайн иргэн байраа цаашид өмчлөх боломжгүйг ТОСК-аас анхаарууллаа. Байр түрээслэх иргэдийн сард төлөх мөнгө ирээдүйн сангийн дансанд хуримтлагдаж, эргээд орон сууц барих уу эсвэл худалдан авагчгүй болсон хувийн компаниудын барилгыг худалдан авах  уу, дэд бүтцээ хэрхэн шийдэх вэ зэрэг түрээсийн орон сууцын хөтөлбөрөө сайжруулах ажилд хөрөнгө оруулалт болох юм.

Засгийн газраас 2016 онд нийт 1300 өрхийг түрээсийн байраар хангана гэж зарласан. Үүнээс эхний ээлжид Улаанбаатар хотод “Буян-Ухаа II” хороололд 350, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг таван жил хүртэлх хугацаатай түрээслэх юм. Үлдсэн 371 айлын орон сууцыг хувийн хэвшилтэй ярьж зохицуулна гэсэн хувилбарыг төрийн байгууллагад дэвшүүлсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

“Буянт-Ухаа II” хорооллын эхний 1620 айлын орон сууц ашиглалтад орсон. Үүнээс гадна 18 блок бүхий 1000 айлын барилгын үндсэн угсралтын ажлыг хийгээд дууссан байна. Дулааны улирал эхлэнгүүт дээрх 100 айлын орон сууцын барилгынхаа гадна, дотоод засварын ажил хийж дуусгаад, ирэх наймдугаар сарын нэгэнд улсын комисст хүлээлгэж өгөх аж. Энэ байраас тодорхой хувийг түрээсийн орон сууцад шилжүүлэх боломжтойг ТОСК-оос тодотголоо. Гэхдээ тухайн үед нь эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай юм байна. Бүртгэл, статистикийн ерөнхий газраас нэг өрхийн сарын дундаж орлого 820 мянгаас нэг сая 100  мянган төгрөгийн хооронд гэсэн судалгааг гаргасан. Энэхүү өрхийн орлогын судалгаанд тулгуурлаж ТОСК түрээсийн орон сууцын төлбөрийг тухайн өрхийн орлогын 25 хувиас илүү гаргахгүй байхаар хотод метр квадрат нь 5500 буюу 200-280 мянган төгрөг, орон нутагт метр квадрат нь 4000 буюу 140-230 мянга байхаар тогтоожээ.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна