“Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2016 оны 3 сарын 2

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.03.02/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, орон сууцны ипотекийн, малчны, тэтгэврийн зээлийн хүү бууруулах талаар Улсын Их Хурал, Байнгын хороо, гишүүдэд иргэдээс олон зуун хүсэлт, өргөдөл ирсэн. Энэ асуудлаар өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанкны зүгээс бодлогын хүрээнд ч нилээд арга хэмжээ авлаа. Өнөөдөр Өргөдлийн байнгын хорооноос иргэдийн хүсэлт, гомдлын дагуу дээрх зээлүүдийг иргэдэд олгож байгаа арилжааны банкуудын байр суурийг сонсож хэлэлцэх зорилгоор Монголын банкны холбоотой хамтран энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр арилжааны банкуудын байр суурийг сонсохоос гадна орон сууцны ипотекийн, малчны, тэтгэврийн зээлийн хүүгийн талаар иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх ач холбогдолтой гэлээ.
Мөн тэрээр иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 онд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан. 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр эхлэхээс өмнө жилд дунджаар 4895 орон сууц шинээр ашиглалтад орж байсан бол 2013-2015 онд жил бүр оройлцоогоор 19250 орон сууц шинээр ашиглалтанд орсон байна. Өнөөдрийн байдлаар ашиглалтанд орсон, борлогдоход бэлэн болсон 18400 орон сууц зах зээлд байгаа гэсэн мэдээтэй байна. 2016 онд шинээр 22300 орон сууц баригдахаар байна гэсэн мэдээллийг холбогдох газрууд өгч байгаа. Монголбанкны мэдээллээр 2016 оны 2-р сарын байдлаар 42085 иргэнд 2.28 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Нийт 77 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсанаас дээр дурдсан 40 гаруй мянга нь шинээр орон сууцтай болсон бол үлдсэн хэсэг нь дунджаар 18 хувийн хүүтэй зээлээ 8 хувь руу шилжүүлсэн гэсэн тоо байна. Ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувь болгон бууруулах болсон талаар Засгийн газар, Монголбанкнаас мэдээлсэн. Таван хувь болгон бууруулахад 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар Монголбанкнаас Засгийн газар болон арилжааны банкуудтай хамтран ажиллаж байгаа аж.  Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон шилжүүлэх ажлыг 3 сард бэлэн болгож хийнэ гэж байсан бол өнөөдөр 4 сард шилжих талаар ярьж байна. Үүнийгээ Улсын Их Хурлын хаврын чуулганы эхэнд хууль баталж байж шилжих боломжтой болно гэсэн зүйлийг сүүлийн үед хэвлэлээр зарим албан тушаалтнууд яриад байна. Холбогдох хууль, журам, гэрээнүүд нь өөрчлөгдөж батлагдаад бодит байдал дээр яг хэзээ хэрэгжиж эхлэх нь бас л тодорхойгүй байсаар байна. Иргэдийн дунд энэ асуудал хэзээ, яаж шийдэгдэх вэ? 8 хувийн зээл авчихсан байгаа иргэдийн зээлийн хүү 5 хувь руу шилжих болов уу?  гэсэн хүлээлт үүсээд байна. Энэ талаар бид ярилцахаар цуглаад байна гэлээ. Түүнчлэн 2015 оны мал тооллогын урьдчилсан мэдээгээр 153,1 мянган малчин өрх 55,9 сая малтай байна.

Өнөөдрийн байдлаар Монголбанкны мэдээгээр 120,0 мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 222,7 тэрбум төгрөгийн 26,5-29,5 хувийн хүүгийн зээлтэй байна. Засгийн газар, Төрийн банк  энэ оны 2 сард  жилийн 29,5 хувийн хүүтэй байсан 17,557 зээлийг 18 хувьд шилжүүлэн бурууллаа гэж мэдэгдсэн. Малчны зээлийн 80 гаруй хувийг ХААН банк олгосон байгаа бөгөөд 2 дугаар сарын 22-ны өдөр зээлийн хүүгээ 18% болгож бууруулах тухай шийдвэр гаргажээ. 2016 оны 2 дугаар сарын 22 өдрийн Засгийн газрын 113 болон 114 тоот тогтоолоор “Сайн малчин хөтөлбөр”-ийг “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хамт баталсан. Үүний дагуу Төрийн банкнаас 10 хувийн хүүтэй малчны зээлийг ямар шалгуур, шаардлага хангасан малчдад олгох талаар зарчим, схемүүд батлагдсан талаар бид мөн мэдээлэл авсан. Төрийн банкны 18 хувийн хүүтэй малчны зээл бүгд автоматаар 10 хувь руу шилжихгүй, тодорхой шалгуурууд  орсон байна. Тэтгэврийн зээлийн хүүгийн хувьд гэвэл өнөөдөр 240 гаруй мянган хүн тэтгэвэр авч байгаагийн 60 гаруй хувь нь сарын 1,5% хүүтэй жилийн 18% хүүтэй тэтгэвэр барьцаалсан зээл авч байна гэсэн судалгаа байна. Тэтгэврийн зээл олгоход банк зээлдэгчээс шимтгэл, хураамж авдаггүй. Мөн хүүний торгууль, алдангиас чөлөөлсөн нь бусад төрлийн зээлийг бодвол уян хатан нөхцөлтэй гэсэн тайлбар хийдэг. Тэтгэврийн зээлийн онцлог, эрсдлийн түвшин зэргээс хамааран зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж арилжааны банкуудын зүгээс мэдэгддэг. Гэтэл тэтгэвэр бол өндөр настай ахмадуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө болохоос биш нэн тэргүүнд зээлийн барьцаа болох эх үүсвэр бол биш. Тэгээд ч тэтгэврийн зээлийн хөрөнгө нь ахмадуудын нийгмийн баталгааг хангахаас илүүтэй гэр бүлийн бусад гишүүдийн шаардлагатай хэрэгцээг хангах хөрөнгийн эх үүсвэрт ашиглагдаж, ахмадуудын хэвийн амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна гэсэн судалгаа гарсан. Тэтгэвэр барьцаалж зээл олгосон ч зээлийн эргэн төлөлтийн хэмжээ сард авч байгаа тэтгэврийн 10-20 хувиас хэтрэхгүй байх зарчмыг баримтлах ёстой гэж бид үзэж байна гэлээ.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, О.Баасанхүү, С.Бямбацогт, Д.Сарангэрэл болон Монголын банкны холбооны удирдлагууд, Монголбанк, Барилга, хот байгуулалтын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны  төлөөлөл, Монголын банкны холбооны гишүүн 14 арилжааны банкны төлөөлөл, Стратегийн судалгааны хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Үндэсний стратегийн хүрээлэн, МУИС-ын Бизнесийн сургуулийн дэргэдэх судалгааны хүрээлэн, Эдийн засгийн судалгааны эрдэм шинжилгээний хүрээлэн, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Нийтийн эрхийг хамгаалах холбоо, Монголын ахмадын холбоо, Монголын чөлөөт ахмадын холбоо болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлсэн юм.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон хэлэлцүүлэгт оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрээр банкны төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зээл гэж юу байдаг, яагаад өндөр хүүтэй байдаг гэдгийг тайлбарлан хэлэх хэрэгтэй гээд энэ асуудлыг цаашид хэрхэн ямар замаар хамтдаа шийдэх боломж байгаа дээр саналаа хэлэх нь зүйтэй гэлээ.

Мөн Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат Орон сууцны, тэтгэврийн болон малчны зээлийн ерөнхий мэдээлэл, зээлийн үйл ажиллагаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ зээлийн үйл ажиллагааны шийдвэрлэх асуудлын талаар танилцууллаа. Тухайлбал эрэлт, нийлүүлэлт, хууль эрх зүйн орчин, макро эдийн засаг, сангийн болон мөнгөний бодлогын чиглэлээр огцом өөрчлөлтийг хүчээр хийхгүй байх, орон сууцны ипотекийн зээлийг тогтвортой байлгах, эх үүсвэр шийдэх хугацааг журмаар тодорхой болгох, барьцаа хөрөнгийн талаарх мэдээллийн сан байгуулах, зээлтэй холбоотой аливаа шийдвэр эцэслэгдсэний дараа олон нийтэд мэдээлэх, орон сууцны үнэлгээний нэгдсэн аргачлал бий болгох зэрэг саналуудыг танилцуулсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Өргөдлийн байнгын хороо тэдний гаргасан саналыг нэгтгэж Байнгын хорооны бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөхөөс гадна шаардлагатай гэж үзвэл Байнгын хорооны хурлаар саналуудыг хэлэлцүүлэн шийдвэр гаргах юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна