Ипотекийн зээлийг 5 хувь руу шилжүүлнэ

2016 оны 3 сарын 2

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тус байнгын хорооноос Монголын банкуудын холбоотой хамтран “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр настны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдвийн дор хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан болон УИХ-ын нэр бүхий гишүүд, ХАХНХЯ, ХХААЯ, БХБЯ, Монголбанк, арилжааны банкны төлөөллүүд, Монголын ахмадын холбоо, Стратеги судлалын хүрээлэн, Их дээд сургуулийн багш, судлаачид оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд байнгын хорооны дарга Ж.Батзандан ипотекийн зээлтэй холбоотой мэдээлэл өгсөн юм.

Ахмадууд тэтгэврийн зээлтэй тэнгэрт хальж байна

Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан:

-Өнөөдөр монголд зээлгүй хүн, тэтгэврийн зээлгүй ахмад настан гэж байхгүй гэдэг үг үнэн юм. Тиймээс тэтгэврийн зээлийн асуудлыг сөхөж ярьж байгаад хувьдаа талархаж байна. Хүн төрөхдөө нүцгэн ирээд, үхэхдээ нүцгэн буцдаг бол монголын ахмадууд өнөөдөр тэтгэврийн зээлтэй, өртэй тэнгэртээ хальж байна. Тиймээс банкуудын зүгээс тэтгэврийн зээлийн өндөр хүүгээ багасгах ямар арга зам, боломж байгааг судалж ажиллаасай гэж хүсэх байна. Өнөөдрийн энэ хэлэлцүүлгээс ямар нэг шийдвэртэй үр дүн гарна гэж ахмадууд хүлээж байгаа шүү. Хаан банкны тэтгэврийн зээлийн хүний асуудал ойлгомжгүй болоод байгааг энд дурдмаар байна гэлээ.

Харин түүний асуултад Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан:

-Нэгдүгээр сард арилжааны банкууд 23.9 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосноор, энэ төрлийн зээлийн нийт үлдэгдэл 3.4 их наяд төгрөг болж, зээлдэгчдийн тоо 77 мянгыг даваад байна. Үүнээс 56 мянган иргэн орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр буюу 8 хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Харин 80 метр квадратаас илүү талбайтай орон сууцыг зээлээр худалдаж авсан 20 орчим мянган иргэн банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Зах зээлд өнөөдөр 18 мянга 882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 22 мянга 303 айлын орон сууц, 50 хувийн гүйцэтгэлтэй 24 мянга 661 айлын орон сууц баригдаж буй. Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг бөгөөд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий юм. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээлд хамрагдах боломжтой 64 мянган өрх байна гэсэн үг. Тиймээс зээлийн хүүг 5 хувь руу бууруулах ажлыг 4 сард хийхээр болсон талаар мэдээлэл өгсөн. Хаврын чуулганы эхэнд хууль баталж байж шилжих боломжтой гэдэг хариуг өгөөд байгаа. Тиймээс энэ асуудлын хүрээнд бид ярилцахаар энд цуглаад байна гэж хариуллаа.  

Эрх зүйн орчноо сайжруулбал Малчны зээлийн хүүг бууруулах боломжтой

Хаан банкны гүйцэтгэх захирал Норихито Като:

-Хаан банкны хувьд малчдын зээлийн хүүгээ 2 дугаар сарын 26-нд хэлэлцэж ярилцсаны үндсэн дээр 18 хувиар олгох шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь малчдын зээлийг шилжүүлж байна гэсэн үг биш юм. Тодорхой шаардлага хангасан малчдад 18 хувийн хүүтэй зээл авах боломжийг бий болгож өгнө л гэсэн үг юм. Хаан банкны хувьд малчдын зээлийн ихэнх хувийг нуруун дээрээ үүрч явдаг. Малчдын зээл нь байгаль, цаг уурын үзэгдлээс хамааралтай байдаг эрсдэлтэй зээл гэдгийг энд онцолмоор байна. Малчид бол маш ухаантай хүмүүс. Тэд цаг уурын нөхцөл байдлаа сайн мэддэг учир эрсдэлээ тооцож түүндээ яг таарсан зээлээ авч, эргүүлэн төлдөг. Хаан банкны хувьд малчны зээлээ шууд 18 хувь болон түүнээс бага хувь руу шилжүүлэх боломжгүй. Гэхдээ цаашид зах зээлийн эерэг нөхцөл байдал бий болох юм бол мэдээж бууруулахад бэлэн.

Монгол улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 мянган малчин өрх нь арилжааны банкнаас малчны зээлтэй байна. Малчдын зээлийн нийт дүн нь 222.7 тэрбум төгрөг байдгаас Төрийн банкинд 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17,411 харилцагч байдаг,  үлдсэн 103 мянга орчим малчин өрх 180 тэрбум төгрөгийн зээлтэй. Учир нь сүүлийн жилүүдэд малын толгой тогтмол өсч өнгөрсөн онд Монгол улсын хэмжээнд 55.9 сая мал тоологдсон хэдий ч малчдын орлого буурч байгаа гэсэн дүгнэлт гарч байгаа. Учир нь малын гаралтай түүхий эдийн үнэ, жишээлбэл мах сүү, арьс ширний үнэ дэлхийн түүхий эдийн зах зээлийн уналтаас шалтгаалаад сүүлийн хэдэн жилүүдэд буурч байгаа. Мөн энэ жил малчдын орлогын гол эх үүсвэр болох махны үнэ буурсан. Тиймээс Засгийн газраас малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах чиглэлээр бодлогоо тодорхойлон ажиллаж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд малчны зээл жигнэсэн дундаж хүү Төрийн банкинд 29.5 хувь байсныг бууруулаад байгаа юм. Тэтгэвэр болон цалингийн зээл 18 хувьтай байхад хөдөө, хүнд нөхцөлд ажиллаж байгаа малчдын зээл өндөр байгаа нь шудрага бус гэж үзээд Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний 90 тоот тогтоолоор Төрийн банкинд үүрэг болгосны дагуу 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17411 малчин зээлдэгчийн хүүг 18 хувь буюу сарын 2.5 хувиас 1.5 хувь болгон бууруулсан.Мөн Хаанбанкны зүгээс малчдын зээлийн хүүгээ 18 хувь болгож бууруулах болсон таатай мэдээг дуулгасан. Тэгэхээр бусад банкуудын хувьд ч мөн малчдын зээлийн хүүгээ бууруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ төр зах зээлд нь хөндлөнгөөс оролцох боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу”.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна