Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдав

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдав

Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын  хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны 28 дугаар тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хороо өнөөдөр /2016.03.02/ анхны хуралдаанаа хийж, хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар хуралдлаа. 

Үндэсний хороог Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ахалж буй бөгөөд тэрээр, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг гадаад харилцаа, улс төрийн агуулга, бэлтгэл зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулахыг хуралдааны үеэр чухалчилсан юм.

Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Үндэсний хорооны гишүүн М.Сономпил, УИХ-ын гишүүн, Үндэсний хорооны гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Үндэсний хорооны гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн, Үндэсний хорооны гишүүн С.Оюун, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний хорооны гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох аж. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-22-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болох юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж