Хар тамхичнаас кино од болсон түүх

2016 оны 3 сарын 3

 

“Хар тамхинаас эхийгээ ч худалдахад бэлэн үе байсан” хэмээн жүжигчин Том Харди хар тамхинд донтож, хэрэг төвөгт орооцолдсон сурагчаас Холливуудын А зэрэглэлийн жүжигчин болсон тухайгаа ярьсан юм.

 

 

Дүрээ бүтээхийн тулд галзуурч, солиорохоос ч буцахгүй жүжигчин хайсан ямар ч найруулагч одоо түүн дээр очдог. Өнгөрсөн жил Том Харди Мексик гаралтай найруулагч Алехандро Иннаритугийн “Үхлээс мултарсан нь” кинонд жүжигчин Леонардо Ди Каприотой тоглосон. Энэ дүрээр Том шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшсэн билээ. Хэдийгээр Том шагнал аваагүй ч Леонардо гол дүрийн Оскарын шагналын эзэн болсон.

 

 

Том Харди 2010 онд найруулагч Кристофер Ноланы онцгой бүтээл “Inception” кинонд бүтээсэн дүрээрээ олны анхаарлыг татах болсон юм. Гэхдээ Том түүнээс бүр өмнө 2001 оноос хойш театр, киноны уран бүтээл дээр ажиллаж байгаа билээ. Дэлхийн II дайны тухай олон ангит кинонд тоглосныхоо дараа Том Лондоны  нэр хүндтэй Драмын сургуулиа хаяж, Ридли Скоттын найруулсан  “Хар харцагын уналт” киног сонгосон юм. “Хар харцагын уналт” түүний тоглосон анхны бүрэн хэмжээний кино байв. Түүнээс хойш Том “Бэтмэн: Харанхуйн хүлэг баатар” киноны Бейн, зартай гэмт хэрэгтэн Чарльз Бронсон, “Галзуу Макс: Үхлийн зам” киноны Макс зэрэг хэрцгий, догшин дүрүүд нь энэ жүжигчний талаар ихийг өгүүлнэ.

 

Том Харди 1977 онд Лондонд төржээ. Түүний ээж жүжигчин, аав нь зохиолч байв. Түүний гарал нь Англи-Ирландчууд. Том өсвөр наснаасаа хойш архи, мансууруулах бодист донтож, өөрийгөө татаж авах гээд чадахгүй байжээ. Тэрбээр 2002 онд архины эмчилгээнд явж эхэлсэн аж.

 

 

Том яагаад эсрэг дүрд тоглодог тухайгаа “Кинонд эсрэг дүрд тоглох нь амар байдаг. Кино бол зохиомол зүйл. Кинон дээр юу ч болж байсан бодит амьдрал дээр ямар нэгэн хор хөнөөл болохгүй” гэжээ. Тэрбээр “Би жүжигчин хүн. Гэмт хэрэгтэн биш. Гэхдээ би кинон дээр гэмт хэрэгтэн болж чадна. Энэ бол маш сонирхолтой ажил” хэмээн ярьсан байна. Бодит амьдрал дээр Том жинс, футболкноос салдаггүй инээд алдсан, найзархуу нэгэн аж. Харин кинон дээр бол тэр жинхэнэ солиотой амьтан.

 

Ээж нь түүнд амиа тавьдаг байсан бөгөөд түүний гэрт ном, хөгжим  бэлэг сэлт, гадаадад аялах эрх дүүрэн байдаг байв. Эцэг эх нь түүнийг өндөр хөлстэй хувийн сургуульд явуулсан ч Том юу ч сураагүй юм. Өсвөр насныхаа талаар тэрбээр “Би жаахан сахилгагүй хүүхэд байсан. За жаахан гэж хэлж болохгүй байхаа. Нэлээд сахилгагүй байсан” хэмээн дурсчээ. Түүнийг 11 настай байхад цагдаагийн нэгэн офицер сургууль дээр нь очиж, хар тамхины аюулын талаар ярьж, анхааруулжээ. Харин Том тэр үед “Хөөх-хаанаас олж авах уу?” гэж бодсон гэдэг. 16 настайдаа Том хулгай хийсэн хэргээр сургуулиасаа хөөгдөж, архи, мансууруулах бодис хэрэглэж, байнга хэрэг төвөгт орооцолддог хэцүү хүүхэд болсон байв. Тэр үеийнхээ талаар Том “Би хар тамхинаас эхийгээ худалдахад ч бэлэн байсан” хэмээн ярьсан байдаг. Том архи, тамхинд донтож явсаар 2003 онд Лондоны нэгэн гудамжинд цус, бөөлжсөнд хутгалдсан, ухаангүй хэвтэж байжээ. Тэндээс түүнийг архи, мансууруулах бодисны албадан эмчилгээнд явуулсан бөгөөд тэр явдлаас том сургамж авсан тэрбээр дахин архи, мансууруулах бодис хэрэглэхээ больсон гэдэг.  Гэхдээ Том өөрийг нь харанхуй ангал руу унахаас аварсан зүйл нь кино гэж ярьдаг. Тэрбээр “Эхлээд би ааваараа бахархуулахын тулд кинонд тоглосон. Тэр үед залуу ч байж. Миний хийж чадах зүйл ч маруухан байсан. Кинонд тоглоод би улам урам зориг авдаг болсон. Тэгж л би кинонд цаг зав, хичээл зүтгэл бүхнээ зориулдаг болсон” хэмээжээ.

 

 

2015 онд эхнэр нь хүүхдээ төрүүлснээс хойш Том нойр муутай байх болсон нь аавын үүргээ сайн гүйцэтгэдэгтэй холбоотой. Тэрбээр бусад алдартнуудын адилаар хувийн амьдралынхаа талаар дэлгэх дургүй. Гэсэн ч Том хүүхэдтэй болсон нь амьдралыг нь бүрмөсөн өөрчилсөн гэж ярьдаг байна. Нэг л өдөр өөрийгөө борлуулж явдаг үе өнгөрч, анхаарал, халамж тавих ёстой хүн гарч ирсэн. Энэ дэлхий дээр чиний анхаарал, халамж хэрэгтэй хүн гарч ирнэ гэдэг юу юунаас илүү чухал. Гэртээ хариад би жүжигчин Том биш, аав болдог.  Таван настай ууган хүү нь түүний тоглосон “Галзуу Макс: Үхлийн зам” киног үзэх гэхэд нь болиулж, “Эхлээд “Харри Поттер”-ыг үз” гэж хэлжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна