Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

2016 оны 3 сарын 3

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Нарантуул" Олон Улсын худалдааны төвд өнөө  өглөө үүрээр гал гарчээ.  Үүр шөнийн заагт буюу 03:00 цагийн үед тус захын бөс, барааны хэсэгт гал гарсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.  

Нийслэлийн Онцгой байдлын газраас  "03:36 цагт галын дуудлага ирсэн. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. Галыг унтраахаар найман ангийн аврагч, гал сөнөөгч нар ажиллажээ.  Өглөөний 08:10 цагийн байдлаар Нарантуул захын галыг унтраасан ч бүрэн унтрааж задаргаа хийж шалгахаар гал сөнөөгчид ажилласан хэвээр байлаа.

Нарантуул худалдааны төв урьд хоёр ч удаа галд автаж байсан юм. 2013 оны наймдугаар сарын 22-нд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байранд гал гарч, уг хэсэг байгууламж бүхэлдээ шатаж, нэг эмэгтэй нас барсан золгүй хэрэг гарч байсан юм. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатсан байдаг.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна