Хуучин байруудыг нурааж, шинэчилнэ

2016 оны 3 сарын 3

Дөрвөн баллын газар хөдлөлтөд нурах аюултай, ашиглалтаас гарсан 150 барилга Улаанбаатар хотод байна. Байцаагчдын дүгнэлтээр актлагдсан 87 барилгыг эхний ээлжид нурааж, дахин төлөвлөхөөр техник эдийн засгийн үндэслэл /ТЭЦҮ/-ийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулж, батлуулжээ. Тухайлбал ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс Барс захын хойно Нарны гүүрний баруун талд байрлах хуучны хоёр давхар барилгуудыг нурааж, газарт нь шинэ орон сууц барихаар төлөвлөсөн байх юм. Мөн өнгөрсөн намар Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлалтай “19-ын автобусны буудал”-ын  хажууд байрлах нурах дөхсөн хоёр давхар орон сууцын барилгын нэгийг нь нурааж, шинэ орон сууцын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Нэг жигүүрт нь 90 айл байх “Морьтон” цогцолборын эхний ээлжийн барилга ирэх хавар ашиглалтад орох юм. Нөгөө 90 айлын орон сууцны шинэ барилгыг үлдсэн хуучин цагаан байрыг нурааж дахин төлөвлөн барина. Харин хотын А бүсэд байрлах бага тойруугийн 40, 50 мянгатын ашиглалтаас гарсан орон сууцуудыг шинэчлэн барих ажлыг сонгуулийн дараа ирэх намраас эхлүүлэхээр болжээ.

Актлагдсан хуучин орон сууцуудыг дахин төлөвлөж, шинэчлэн барихдаа эхлээд тухайн барилгад амьдардаг иргэдийн саналыг авна. Хэрэв нийт оршин суугчдын 80 хувь нь дэмжвэл дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх барилгын компаниудыг нийслэлээс шалгаруулж, газрыг нь өгнө. Тухайн газарт компаниуд барилга барьж, хуучин оршин суугчдад өмнөх байрных нь талбайн хэмжээгээр метр квадратыг тооцож, шинэ орон сууц өгнө. Үлдсэн барилгын талбай, орон сууцаа компаниуд өөрсдөө борлуулж, барилга барьсан хөрөнгөө олж авах юм байна. Барилгыг нурааж, барьж, ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд компаниуд нийслэл, иргэн, компани гэсэн гурван талт хийгдэх гэрээний дагуу иргэдийн байрны түрээсийн төлбөрийг даана зэргээр иргэдэд хүндрэл учруулахгүйгээр, хуучин орон сууцуудыг шинэчлэх тооцоог хотын удирдлага гаргажээ. Тодруулбал НИТХ-аас 2014 оны зургаадугаар сард "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөн, барилгажуулах журам"-ыг баталсан билээ. Уг журмын хүрээнд ашиглалтын хугацаа нь дуусаж, хуучирч муудсан, газар хөдлөлтийн үед нурах аюултай барилгуудын жагсаалтыг гаргаж, ийнхүү дахин төлөвлөхөөр болсон юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна