“Алтан Дорнод Архангай лидер”-т өгөх дүгнэлт

2016 оны 3 сарын 3

Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын сүүлийн буюу гуравдугаар тойрог энэ цаг мөчид явагдаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногийн хувьд БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ болж сагсан бөмбөг сонирхогчид төдийгүй, сагсан бөмбөгийн тамирчид гурван өдрийн турш баяраа тэмдэглэсэн.

Тэгвэл 2016 оны 2 дугаар сарын хамгийн сүүлийн өдрөөс эхлэн сүпер лигт өрсөлдөж буй багуудын хувьд хамгийн хариуцлагатай 6-7 тоглолтууд үлдээд байна.  Миний бие энэ долоо хоногийн туршид сагсан бөмбөг сонирхогч та бүхэнд сүпер лигт өрсөлдөж буй 8 багийн энэ улирлын өнгөрсөн тоглолтуудын тухай гуравдугаар тойрогт хэрхэн тогловол плэй-оффд гарах магадлалын тухай бичин хүргэх гэж байна.

Ингээд миний сонгон авсан эхний баг бол “АЛТАН ДОРНОД АРХАНГАЙ ЛИДЕР БАГ”

“АЛТАН ДОРНОД АРХАНГАЙ ЛИДЕР” баг нь өнөөдрийг хүртэл 15 тоглолт хийн 6 хожил 9 хожигдол буюу 35% амжилттай лигийн амжилтын хүснэгтийн долдугаар байранд явж байна.  Нэгдүгээр тойргийн 7 тоглолтоос 4 хожил авсан бол хоёрдугаар тойрогт ердөө 1 хожил, харин өнгөрөгч даваа гарагт гуравдугаар тойргийн хамгийн эхний тоглолтоо Т.Санчир тэргүүтэй Ирвэсүүдийн эсрэг хийн тойргийн эхний хожлоо авсан одоо тэдэнд ердөө 6 тоглолт үлджээ.  Лигийн амжилтын хүснэгтэд тэдний өмнө Харцага, СБЛ, Смарт багууд 7 хожил 8 хожигдолтой ердөө 1 хожил, хожигдлын зөрүүтэй бичигдэж байгаа юм. Эндээс харахад лигийн аль ч багт плэй-оффд шалгарах бүрэн боломж байгаа бөгөөд яг одоо та бүхний уншиж буй Лидер багт ч энэ боломж бий гэдгийг онцолмоор байна.

Юуны өмнө Лидер багийн дундаж статистик үзүүлэлтүүдтэй танилцая:

\Лидер багийн одоогоор хийгээд буй тоглолтуудын дундаж статистик үзүүлэлт\

Самбараас бөмбөг авалт

Довтолгоо

23.631

Хамгаалалт

41.681

НИЙТ

65.311↑

Чөлөөт шидэлт %

47.86%

Довтолгоо %

Дундын зай

42.20%

3 онооны

18.30%↓

Оновчтой дамжуулалт

23.35

Хаалт \блок\

6.88

Бөмбөг таслалт

10.98

Бөмбөг алдалт

28.30↓

 

Дээрхи статистик үзүүлэлтүүдээс харахад Лидер багийн болж бүтэж байгаа зүйл болон болохгүй байгаа асуудлууд ерөнхийдөө тодорхой харагдаж байгаа юм. Энэ багийн хамгийн гол давуу тал болсон будагтай талбайн хүчирхэг тоглогчид О.Очирбат, Э.Дөлгөөн, Чуу Мадабум нартай холбоотой самбар доорхи илүүрхэл...  Тэд нэг тоглолтонд дунджаар 65.31 самбар авч байна. Энэ үзүүлэлт яг одоогийн байдлаар лигийн бусад бүх багийг ардаа орхин НЭГТ бичигдэх үзүүлэлт. Тэр дундаа нэг тоглолтонд дунджаар 23.63 удаа довтолгооны самбараас бөмбөг авч багтаа 23.63 удаа ахин нэг удаа довтолгоо гүйцэтгэх боломж олгож байна гэсэн үг.  Энэ том давуу тал одоогоор зөвхөн Лидер багт л бий. Хэдий ийм ч залуу бүрэлдхүүнтэй Лидер багийн хожигдлуудад гол нөлөөлж буй хүчин зүйлсийг статистик үзүүлэлтээс дурьдах юм бол:

НЭГДҮГЭЭРТ: Чөлөөт шидэлтийн багийн дундаж 47.86%. Энэ үзүүлэлт сүпер лигийн багийн хувьд сайн үзүүлэлт огт биш. Ер нь сагсан бөмбөгийн багуудын хожлын бичигдээгүй нэг гол нууц  нь чөлөөт шидэлтийн өндөр хувийн гүйцэтгэлтэй үзүүлэлт байдаг. Бүр илүү тодруулбал ямар ч түвшний лигт аварга авхыг хүсч байгаа бол тухайн багийн чөлөөт шидэлтийн хувь 75%+ байх ёстой. Залуу тоглогчид өндөр темптэй тоглолтонд оролцож тоглолтын турш зүрхний хэмнэл, амьсгал биеийн байдлаа зохицуулан чөлөөт шидэлтийг шиднэ гэдэг шаггүй зүйл. Гэхдээ энэ бол Монгол улсын хамгийн том сүпер лиг учир тэд үлдсэн тоглолтууддаа энэ байдлаа засан, сайжруулах намын далгавартай тулгарч байна.

ХОЁРДУГААРТ:  Гурван онооны шидэлтийн багийн дундаж  18.3% үзүүлэлттэй байгаа нь бусад багуудтай харьцуулахад тийм ч таатай сайн үзүүлэлтэй биш юм. Лидерийн бүрэлдхүүнд О.Цэлмэг тэргүүтэй сайн шидэгчид бий бөгөөд үлдсэн тоглолтуудад шидэлтүүдээ мэдээж илүү оновчтой болгох хэрэгтэй. Магадгүй гурван онооны шидэлтийн хувь бага байгаа нь энэ улиралд багийн сонгон тоглож буй тактиктай ч холбоотой байж болох юм. Учир нь тэдний 4 болон 5 номерын тоглогчид \4 номерын тоглогч гэдэг нь хүчний довтлогч, 5 номерын тоглогч гэдэг нь багийн төвийн тоглогчийг нэрлэнэ.\  бусад багуудтай харьцуулахад харьцангуй олон удаа гурвын шугамны араас шиддэг байдал Лидер багийн тоглолтын явцад  ажиглагддаг.

ГУРАВДУГААРТ: Нэг тоглолтонд үзүүлж буй багийн дундаж бөмбөг алдалт 28.3 удаа байгаа нь  асар өндөр. Түүнчилэн маш муу үзүүлэлт юм. Хэрэв плэй-оффд шалгарахын төлөө, үлдсэн тоглолтууддаа ялалт байгуулахын тулд бөмбөг алдалт дээрээ ажиллах зайлшгүй шаардлага Лидерийн залуусын өмнө гарч ирээд байна.

Дүгнээд харахад Лидер улирлын 9 хожигдлын дөрвөн тоглолтонд нь дунджаар 5 онооны зөрүүтэй хожигдсон. Тийм учраас Лидер баг тоглолтын төгсгөлөө сайн хийгээд, дээр дурьдсан гурван үзүүлэлтүүд дээр анхааран тогловол плэй-оффд шалгарах бүрэн нөөц байгаа бөгөөд. Жишээ дурьдахад гуравдугаар тойргийн хамгийн эхний тоглолтоо тэд өнгөрөгч даваа гарагт лигийн тэргүүлэгчдийн нэг Т.Санчир тэргүүтэй Ирвэсүүдийн эсрэг хийн 132 – 124 харьцаатай хожсон. Тус тоглолтонд багаараа гурван онооны шидэлтийг 35%-тай, чөлөөт шидэлдийг 73%-тай гүйцэтгэн, 13 удаа бөмбөгөө алдсан нь тэдний яг л хийх ёстой багийн тоглолт бөгөөд дээр дурьдсан багийн хожилд сөргөөр нөлөөлсөн үзүүлэлтүүд бүгд сайн байгааг та анзааран харсан биз.

Одоо тэдэнд зургаан тоглолт үлдсэн залуу багийнхаа дараагийн тоглолтуудад амжилт хүсье. Дараагийн анализ бичин хүргэх баг бол “Баянзүрх Их Өргөө Аравтууд” баг байх болно.

Ө.МӨНХЧУЛУУН. 2015.03.03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна